Хуудасууд

Sunday, December 1, 2013

ТӨР



ТӨРИЙН ХЭЛБЭР, ТҮҮНИЙ АНГИЛАЛ. Төрийн хэлбэр нь төрийн зохион байгуулалт, удирдлага, түүнийг хэрэгжүүлэх аргыг илэрхийлнэ. Орчин үед төрийн хэлбэр гэсэн ойлголтонд:
• төрийн удирдлагын хэлбэр
• төрийн байгууламжийн хэлбэр
• төрийн дэглэм гэсэн гурван хэлбэрийг авч үздэг.
Улс үндэстэн төрийн ямар хэлбэртэй байх нь тэдний хүсэл зоригийн хэрэг бус харин тухайн ард түмний төр ёсны түүхэн уламжлал, үндэсний онцлог, шашин шүтлэг, ёс заншил зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байдаг. Гэвч төрийн хэлбэр нь тухайн улсын хувьд мөнхийн хөдөлгөөнгүй хэвшмэл зүйл бус нийгэм
хөгжих тусам шинэ агуулгаар баяжиж өөрчлөгдөж байдаг. Тухайлбал монголын ард түмэн МЭӨ III-р зуунаас МЭ-ний 20-иод оны дунд үеийг хүртэл хаант засагтай байсан бол дараа нь Бүгд найрамдах засагтай болж өөрчлөгджээ.

ТӨРИЙН ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭР. Төрийн удирдлагын хэлбэр нь төрийг тэргүүлж, дээд эрхийг барих ёс журмыг тогтоож ирсэн төрт ёсны дэлхий нийтийн уламжлалт тогтолцоог илэрхийлдэг.
Төрийн засаглалын хэлбэрийг:
• хаант улс,
• бүгд найрамдах улс гэж хуваадаг.

1. Хаант улсын үед засгийн эрх нэг хүн (эзэн хаан) -ий мэдэлд байна. Эзэн хаан үе залгамжлан эсвэл зарим тохиолдолд сонгогдсон нь засгийн эрхийг барина. Эзэн хааны эрхийг хэрхэн хязгаарласан байдлаас шалтгаалж - хэмжээгүй эрхт хаант төр - хэмжээт эрхт хаант төр гэж ангилна. Хэмжээгуй эрхт хаант төр - засгийн эрхийг хааны нэрийн өмнөөс хэрэгжүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл ямарваа хязгаарлалгүйгээр түүний мэдэлд байна. Хэмжээт эрхт хаант төр - эзэн хааны эрх мэдлийг үндсэн хуулиараа хязгаарлаж, хаан үндсэн хуулиндаа захирагдаж байдаг. Эрхийг хязгаарласан байдлаараа төрүүд өөр хоорондоо ялгаатай бөгөөд - язгууртны хаант төр - үндсэн хуульт хаант төр - парламентиин хаант төр гэж дотор нь ангилдаг.

2. Бүгд найрамдах төрийн үед засгийн эрх олонлогийн гарт байна. Засгийн эрх олонлог болох цөөнхийн мэдэлд байгаа, эсвэл нийт ард түмний мэдэлд байгаагаас шалтгаалж бүгд найрамдах төрийг дараах байдлаар ангилдаг. Аристократ бүгд найрамдах төр - (aristokratia - онцгой эрх мэдэлтэй дээд хэсэг гэсэн утгатай грек үг) засгийн эрх онцгой эрх бүхий хэсэг хүний мэдэлд байна. Энэ бол төрийн түүхэн нэг хэлбэр юм. Демократ бүгд найрамдах төр (ардчилсан) - засгийн эрх нийт ард түмний мэдэлд байна. Анхны түүхэн жишээ гэвэл умард америкийн улсууд юм. Орчин үед бүгд найрамдах төрийн гурван үндсэн хэлбэр зонхилж байна. Энэ нь: а) ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах төр, б) парламентийн засаглалтай бүгд найрамдах төр, в) холимог засаглалтай бүгд найрамдах төр.
Орчин үеийн бүгд найрамдах төрийн ангиллын үндсэн шалгуурт -засгийн газрыг «хэн» байгуулж, - засгийн газар «хэний» өмнө хариуцлага хүлээж буй явдал юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ. Ерөнхийлөгч гэсэн ойлголт Латины presidents гэсэн үгнээс гаралтай бөгөөд «өмнө суугч» гэсэн шууд утгыг илэрхийлдэг. Хүн төрлөхтний түүхэнд анх удаа төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүнийг нэг этгээдэд нэгтгэж, ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг АНУ-д бий болгосноор ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглал бий болсон юм. Энэ нь улмаар латин америкийн орнуудад дэлгэрч европоор дамжин азийн орнуудад өргөжих хандлага ажиглагдаж байна.
Ерөнхийлөгчийн засаглалын онцлог нь:
• Ерөнхийлөгчийн гарт төрийн болон засгийн газрын тэргүүний бүрэн эрх төвлөрч байдаг.
• Ерөнхийлөгчийн засаглалд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, удирдах, тэргүүлэх үүрэг нь илүү тодорно.
• Засгийн газрыг бүрдүүлнэ. Иймээс засгийн газар хариуцлагыг парламентийн өмнө бус ерөнхийлөгчийн өмнө хүлээдэг.
• Ерөнхийлөгч үндсэн хуулинд заасан ёсоор улс орны зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
• Гадаад бодлогыг чиглүүлэн удирдах хариуцлагыг ерөнхйилөгч хүлээнэ.
• Ерөнхийлөгч хууль санаачлах, хуульд санал оруулах, мөн хуулийн чадал бүхий акт гаргах эрхтэй байдаг.
• Парламентаас гаргасан хуулинд хориг тавих, өөрийн үзэмжээр нийт ард түмний санал асуулга явуулах, парламентийн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах зэрэг нийтлэг эрхийг эдэлдэг байна.
Засаглалын энэ хэлбэр ХХ-р зууны сүүлчээс дэлхийн улс түмний улс төрийн парактикт өргөжих хандлага ажиглагдаж байна. Одоогоор ийм засаглалтай 70 шахам улс байгаа ажээ.

ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛ. Парламент (parler- ярих гэсэн франц үгнээс үүсэлтэй үг) нь төрийн хууль тогтоох салбарыг бүрдүүлдэг, хууль тогтоох талаар хамгийн дээд эрх эдэлдэг байгууллага юм. Парламент нь хууль тогтоох, иргэдийг төлөөлөх, гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн бодлогын чухал асуудлаар үндэсний зөвшлийг бий болгох зэрэг үүрэг гүйцэтгэдэг тул төрийн байгууллагууд дотор онцгой байр эзэлнэ.
Парламентийн засаглалын онцлог нь:
• Парламентийн гишүүдийг тухайн улсын ард түмэн сонгоно.
• Төрийн өндөрлөгүүдийн бүрдүүлэх үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох, хянан шалгахад парламентийн үүрэг өндөр байна.
• Засгийн газрыг парламентаас байгуулж, парламентийн өмнө хариуцлага хүлээдэг.
• Засгийн газар парламентийн гишүүдийн олонхийн итгэлийг алдсан тохиолдолд нэг бол огцорно, эсхүл төрийн тэргүүний оролцоотойгоор парламент тарж, парламентийн ээлжит бус сонгуулийг зарладаг.
• Парламентийн засаглалтай үед ерөнхийлөгч төрийн тэргүүн, улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, улс төрийн янз бүрийн хүчнүүдийн хоорондын маргааныг зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж байдаг зэрэг юм.
Парламентийн засаглал олон намын тогтолцоо хүчтэй, тогтвортой улс орон өргөн боломжтой, үр нөлөөтэй байдаг. Өдгөө хүн төрлөхтний засаг төрийн тогтолцоонд парламентийн засаглалтай 10 гаруй (ХБНГУ, Австри, Энэтхэг, Унгар, Латви, Швейцари, Монгол гэх мэт) орон байна.
ХОЛИМОГ ЗАСАГЛАЛ. Төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүний бүрэн эрхийг өөр өөр субъект буюу ерөнхийлөгч, ерөнхий сайд хадгалж, засгийн газрыг ерөнхийлөгч байгуулк парламентийн өмнө хариуцлага хүлээдэг төрийн удирдлагын ардчилсан хэлбэр юм. Үүний сонгодог жишээ нь Франц юм.
Төрийн удирдлагын энэ хэлбэр XX зууны дунд үеэс ерөнхийлөгчийн болон парламентын бүгд найрамдах улсын сул талыг даван туулах, боловсронгуй болгох эрэл хайлтын үр дүнд бий болжээ. Одоогоор төрийн удирдлагын ийм хэлбэртэй 20 орчим улс (Азербайжан, Армен, Молдов, Польш, Португал, Тайван, Турк, Фянланд, Франц, Грек зэрэг) бий.
Холимог засаглалын онцлог нь:
• Ерөнхийлөгч засгийн газрыг байгуулж, засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээнэ.
• Ерөнхийлөгч парламентыг тараах эрх эдлэнэ.
• Ерөнхийлөгч, ерөнхий сайд засгийн газрыг удирдах үйл ажиллагааг хамтарч хэрэгжүүлнэ. Гэхдээ засгийн газрыг хэрэг дээрээ ерөнхийлөгч толгойлно. Ерөнхий сайд кабинетыг удирдана.

ТӨРИЙН БАЙГУУЛАМЖ. Тухайн орны нутаг дэвсгэр, засаг захиргааны бүтэц, нэгжийн хууль зүйн статус, төрийн төв болон орон нутгийн байгууллагын хоорондын харилцааны журмыг тухайн улсын төрийн байгууламж гэнэ. Төрийн байгууламжийн хэлбэрийг нэгдмэл, - холбооны (федераци) гэж хоёр ангилна.
Улс орныхоо дотор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй, төрийн эрх барих удирдлага, шүүхийн нэгдсэн байгууллага, нэг хууль тогтоомж бүхий, иргэдийн төвлөрсөн харъяалалтай улсыг нэгдмэл улс гэнэ. (Монгол, Финлянд, Франц).
Бие даасан, бүрэн эрхт, улс улсын байгууламжуудаас (автономит улс, үндэсний тойрог гэх мэт) бүрдсэн улсыг холбооны улс гэнэ. Холбооны улс нь бүх улс орны хэмжээнд удирдлагын, хууль тогтоомжийн хоёр системтэй, иргэний хоёрдмол харъяалалтай байдаг. Өөрөөр хэлбэл, холбооны гишүүн улс бүр өөрийн засаглалын байгууллага, хууль тогтоомжтой байна (АНУ, Бразил). Мөн холбоот улсын нэг өөр төрөл энгийн холбоо (конфедераци)-ны хэлбэр бас байдаг. Энгийн холбоо гэдэг нь хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн улсууд эдийн засаг, худалдаа, цэргийн асуудлаар нэгдэж тэр холбооны гишүүн болохыг хэлнэ. Ингэснээр холбоот улсын адил засаглалын нэгдсэн аппарат бий болдоггүй. (ТТУХН, АНУ-ын 1776-1787, Герман 1815-1885).

ТӨРИЙН ДЭГЛЭМ. Энэ нь тухайн төрийн иргэдтэйгээ харилцах ёс журам, төрийн удирдлагын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх аргын асуудлыг хамарсан ойлголт юм. Төрийн дэглэм нь нийгмийн улс төрийн дэглэмийн бүрэлдэхүүн хэсэг нь болж, төрийн зохион байгуулалтын шинж чанарыг тухайн улсын Үндсэн хууль, бусад хуулинд тусгаж баталгаажуулсан хэлбэрээр илэрхийлдэг ойлголт бол улс төрийн дэглэм нь бодит байдал дээр засаглалын харилцаа ямар хэлбэрээр оршиж буйг илэрхийлдэг.
Төрийн дэглэмийг упс төрийн дэглэмийн нэгэн адил ардчилсан ба ардчилсан бус гэж ерөнхийд нь ангилж болно.
Ардчилсан дэглэмийн гол шинж нь өмчийн олон хэлбэр, иргэний нийгмийн зарчим, эрх зүйт төр, олон намын тогтолцоо, улс төрийн плюрализм, улс төрийн болон иргэний соёлд төр тулгуурлаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах, баталгаажуулахад төрийн үзэл суртал, бүх механизмыг чиглүүлж байдаг.
Ардчилсан бус дэглэмийн гол шинж нь засгийн эрхийг нэг буюу цөөн хэдэн хүний хүрээнд төвлөрүүлж, төрийн аливаа ардчилсан үйл явц, сонгууль, хүний эрх, эрх чөлөөг бүрэн буюу ямар нэг хэмжээгээр хориглон хязгаарлаж, нэг үзэл сурталд захируулж байдаг явдал юм.






No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү