Хуудасууд

Tuesday, April 15, 2014

Бүтээмж, бүтээмжийн тухай үзэл баримтлалууд




1. Бүтээмж, түүний мөн чанар
2. Бүтээмжийн үзэл баримтлалууд
1. Бүтээмж, түүний мөн чанар
Бүтээмж (Productivity) гэсэн ойлголтыг анх 1766 онд физиократ Ф.Кьюсней өөрийн өгүүллэгтээ хэрэглэжээ. Уг ойлголт нь өмнө нь ХАА-д газрын үржил шим (нэгж талбайгаас авах ургацын хэмжээ- урожайность), малын ашиг шим-продуктивность), техникийн хүрээнд машин тоног төхөөрөмжийн бүтээмжийг илэрхийлэх агуулгаар гол төлөв
хэрэглэгдэж байсан. Өнөө үе хүртэл бүтээмжийн утга агуулга улам бүр баяжиж зах зээлийн нийгэм эдийн засгийн хамгийн түгээмэл ойлголтуудын нэг болсон төдийгүй онолын бие даасан чиг хандлага, менежментийн өвөрмөц салбар болон хөгжиж байна.
Бүтээмж гэж юу вэ ?
Бүтээмж гэдэг нь нөөцийг гарц болгон хувиргах, өмнөхөөсөө илүү их гарцыг үйлдвэрлэх чадвар юм. Тиймээс бүтээмж дээшлүүлснээр амьжиргааны түвшин, өрсөлдөх чадвар, худалдааны тэнцвэр сайжирч, инфляцийн нөлөөлөл багасан улмаар сайн сайхан амьдралд хүрэх болно.
Хамгийн энгийнээр илэрхийлбэл бүтээмжийг үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн болоод түүнд зарцуулсан орцын хэмжээний харьцаагаар илэрхийлдэг.
Гарц гэдэг нь процессын эцсийн бүтээгдэхүүн буюу бэлэн болсон бараа, үзүүлсэн үйлчилгээ, харин орц нь тэрхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлчилгээг үзүүлэхэд зарцуулсан нөөцүүд, тухайлбал хөдөлмөр (хүн хүч), машин тоног төхөөрөмж, эрчим хүч, түүхий эд материал зэрэг юБүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд орцын хэрэглээг багасгаж, гарцын үйлдвэрлэлийг өсгөх шаардлагатай. Эцэстээ бүтээмж гэдэг нь аливаа юмыг зөв хийх, сайн үр дүнг хангах чадвартай байна гэсэн үг.
Бүтээмжийн агуулга, мөн чанарыг тодорхойлох асуудалд 2 талтай хандаж байна. Үүнд:
1. Бүтээмжийг арга хэрэгсэл талаас нь, өөрөөр хэлбэл, эдийн засгийн нэг үзүүлэлт болохынх нь хувьд тодорхойлох хандлага /явцуу тодорхойлолт/,
2. Бүтээмжийг нийгэм эдийн засгийн үзэл баримтлал талаас, өргөн хүрээг хамарсан гүнзгий утга агуулгаар тодорхойлох хандлага /нийгэм эдийн засгийн ойлголт гэж үзэх өргөн хүрээтэй ойлголт/.
Гэвч эдгээр 2 талыг хооронд нь нарийн зааглах боломжгүй, нэгдмэл шинжтэй гэдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг.
1. Бүтээмж-эдийн засгийн үзүүлэлт
Энэ хандлагаар бүтээмжийг: "... гарц орцын харьцаагаар цаг ямагт тодорхойлогдох, бүх төрлийн нөөцийг /хөдөлмөр, капитал, эрчим хүч, мэдээлэл, цаг хугацаа, менежерийн ур чадвар / ашиглалтын үр ашгийг илэрхийлэх үзүүлэлт/ гэж үздэг.
Эдийн засгийн үйл ажиллагаатай уялдуулан авч үзвэл бүтээмж нь үр ашгийг өөрөөр хэлбэл хязгаарлагдмал нөөцөөр нийгэм /хүн/-ийн хязгааргүй өсөн нэмэгдэх хэрэгцээг хэрхэн яаж хангах вэ? гэсэн эдийн засгийн үндсэн асуудал хэр зэрэг үр ашигтай шийдвэрлэгдэж байгааг, тодруулбал, бүх төрлийн нөөцийн ашиглалтын байдлыг илэрхийлэх эдийн засгийн үр ашгийн нэгтгэсэн үзүүлэлт гэж үзэх үндэстэй.
Бүтээмж нь эдийн засгийн системийн /үндэсний эдийн засаг, салбар байгууллага, ААН/цаг хугацааны тодорхой үед бий болгосон гарцыг /үр дүн /, түүнд зарцуулсан орц /зардал, нөөц/харьцуулсан харьцаагаар тодорхойлогдох, эдийн засгийн үндсэн асуудал аль түвшинд хир зэрэг үр дүнтэй шийдвэрлэгдэж байгааг илтгэх үр ашгийн нэгтгэсэн үзүүлэлт юм.
2. Бүтээмж -нийгэм эдийн засгийн ойлголт
Энэ хандлагаар бүтээмжийн агуулга мөн чанарыг 1950-иад оноос гол төлөв тодорхойлох болсон. Европын бүтээмжийн агентлагийн Байнгын хорооноос 1959 онд гаргасан тодорхойлолтод бүтээмжийг: "... Юуны өмнө хүний оюун санаа бөгөөд байгаа зүйлээ үргэлж сайжруулах эрмэлзлэл, шинэчлэлд зохицох байнгын чармайлт, үйл ажиллагааг хүнлэг энэрэнгүй болгох пүүсийн итгэл үнэмшил" гэсэн бол С.Чан /Сингапур/ "... өөдрөг үзэл санааны үнэ цэнэ, өрсөлдөөний гол хүчин зүйлүүдийн нэг" гэж тодорхойлжээ. Харин М.Ганди /Энэтхэг/: "... хүмүүсийг урамшуулан идэвхижүүлэх бүхэл бүтэн орчинг бүрдүүлж, тодорхой хугацаанд авяас чадвар эрч хүчээ дайчлан ихийг бүтээх явдал" гэсэн бол П.Шүрчулуу:" ...Бүтээмж бол нэг талаар нэгж зардлаар ямар үр дүнд хүрч буйг илтгэх үзүүлэлт, нөгөө талаас хүний оюун ухааны тамир тэнхээний хэрэг бөгөөд хөгжин дэвжих, нэгэнт бий болсон зүйлсийг цаг ямагт сайжруулах гэсэн эрмэлзлэл" хэмээн 2 талыг нэгтгэн тодорхойлжээ.
Иймд БҮТЭЭМЖ гэдэг нь нийгэмд хуримтлагдсан мэдлэгийг бүтээлчээр ашиглах үндсэн дээр хүмүүсийн байнга өөрчлөн сайжруулах хүсэл эрмэлзлэлийг урамшуулан дэмжих орчин нөхцлийг бүрдүүлэн, өөрчлөлтөд зохицоход чиглэгдсэн удирдлагын тасралтгүй үйл ажиллагаагаар дамжин хэрэгжих, эдийн засгийн гол субъектүүд /үйлдвэрлэгч, хэрэглэгч / харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан нийгэм-эдийн засгийн зорилгод хүрэх баялгийг бүтээх үйл ажиллагааг хамрах цогц ойлголт, түүний хэрэгжилтийн хэмжүүр юм.
Эндээс бүтээмж гэдэг нь эдийн засгийн үзүүлэлт төдийгүй, хүний оюун ухаан, ухамсар, нийгэм эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан гүнзгий утга агуулгатай ойлголт болох нь харагдаж байна.
2.Бүтээмжийн үзэл баримтлалууд
Эдийн засгийн үр ашгийн шалгуур үзүүлэлтүүдийн системд бүтээмжийн эзлэх байр суурь
Эдийн засагч судлаачид байгууллагын үйл ажиллагааны үр ашигт нөлөөлөх хүчин зүйлийг тодруулан, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах оролдлогыг 1950 -иад оноос хийж дэлхийд алдартай компаниудын ололт амжилтын шалтгааныг судлан нөлөөлсөн хүчин зүйл, үр ашгийн талаар баримталж ирсэн зарчим, түүний шалгууруудыг боловсруулжээ.
Үр ашгийн шалгуур- үзүүлэлтүүдийн харьцуулалт
П.Друкер (1954)
П.Питерс,Р.Уотермен(1986)
Д.Синк (1985)
1. Хэрэглэгчийн сэтгэл ханамж
2. Шинэчлэлт
3. Бүтээмж
4. Үйл ажиллагааны төсөв
5. Ажиллагчдын бэлтгэл, сэтгэл зүйн төлөв байдал
6. Удирдлагын чадвар, үр ашиг
7. Нийгмийн хариуцлагын мэдрэмж
1. Тасралтгүй байнгын үйл ажиллагаа
2. Хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа
3. Бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих
4. Ажиллагчдын бүтээмж
5. Бодит байдлыг мэдрэх чадвартай удирдлага
6. Ажил үйлсдээ үнэнчээр хандах хандлага
7. Удирдлагын чадварлаг цомхон аппарат зохион байгуулалтын энгийн бүтэц
8. Эрх чөлөөг хатуу чанд хяналттай хослуулах
1. Гүйцэтгэлийн түвшин: зорилго, зорилтын хэрэгжилтийн түвшин(тоо, чанар хугацааны хувьд)
2. Хэмнэлт: төлөвлөгөөт нөөцийг бодит зарцуулалттай харьцуулах харьцаа
3. Чанар: бүтээгдэхүүний хэрэглээ нь тохиромжтой байх, хэрэгцээг хангах шинж чанаруудын цогц
4. Ашигт ажиллагаа: янз бүрийн үзүүлэлт харьцаагаар
5. Бүтээмж: системийн гарцын тоо хэмжээ ба түүнд зарцуулсан орцын харьцаа
6. Хөдөлмөрлөх орчны чанар: системийн нийгэм-темникийн нөхцөлд хандах ажиллагчдын сэтгэл зүйн хандлагаар тодорхойлогдоно. Хөдөлмөрийн нөхцөл чухал үүрэгтэй.
7. Шинэчлэлт: аливаа шинэ зүйлсийг үйлдьэрлэл үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чиглэгдэнэ.
Эдгээрийг тоон үзүүлэлтээр илэрхийлэн тооцож, дүн шинжилгээ хийх боломжтой .
Д.Синк: дээрх үзүүүлэлтүүд нь өөр хоорондоо нягт уялдаатай гээд эдийн засгийн системийн гүйцэтгэл, чанарын өндөр түвшин, хэмнэлттэй байвал бүтээмж нь мөн өндөр байх бөгөөд цаашид хөдөлмөрлөх орчны чанарыг улам сайжруулж шинэчлэлтийг хэрэгжүүлснээр ашигт ажиллагааг дээшлүүлж улмаар уг систем эдийн засгийн хувьд үр ашигтай байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Гэхдээ үр ашгийн дээрх шалгуур үзүүлэлтүүдийн шалтгаан-үр дагаварын уялдаа холбоог эргэх холбооны нөлөөллийг тусган дараахи байдлаар илэрхийлбэл илүү тохиромжтой юм. аливаа эдийн засгийн системд хөдөлмөрлөх орчны чанарыг сайжруулж, шинэчлэлтийг өргөн хүрээтэй хэрэгжүүлснээр, гүйцэтгэлийн болон чанарын түвшинг дээшлүүлэн хэмнэлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх бөгөөд эдгээрийн үр дүнд бүтээмж өсөж, ашигт ажиллагааны өндөр түвшинд хүрэх боломжтой болж ингэснээр уг систем эдийн засгийн хувьд үйл ажиллагаагаа үр ашигтай явуулах нөхцөл бүрдэнэ.
Нөгөө талаар үр ашиг өндөр байх нь эргээд, ашигт ажиллагаанд нөлөөлөн, улмаар бүтээмж, гүйцэтгэлийн болон чанарын түвшинг дээшлүүлж, үйл ажиллагаагаа хэмнэлттэй явуулах, хөдөлмөрлөх орчны чанарыг сайжруулах, шинэчлэлт хийх боломжийг бүрдүүлнэ.
Эндээс үзвэл үр ашгийн шалгуур үзүүлэлтүүдийн системд бүтээмж голлох байр суурь эзэлдэг тул үр ашгийн шалгуур үзүүлэлтүүдийг менежер бүр байнга харгалзаж, үйл ажиллагааныхаа залуур, чиглүүлэгч болгон ашиглах нь зүйтэй.
Ихэнх бүтээлүүдэд үр ашиг нь харилцан уялдаатай ч өөр хоорондоо ялгаатай шалгуур үзүүлэлтүүдээр тодорхойлогддог нь ойлгомжтой боловч, тэдгээр үзүүлэлтүүд, ялангуяа бүтээмж, гүйцэтгэлийн түвшин, хэмнэлт, ашигт ажиллагаа зэргийг ижил ойлголт гэж үзэх хандлага, менежер, эдийн засагч, инженерүүдийн дунд нилээд түгээмэл байгаа юм. Иймээс уг ойлголтуудыг агуулга, үгсийн орчуулгын хувьд харьцуулан тайлбарлах шаардлагатай юм.
1. Бүтээмж (Productivity): Тодорхой хугацаанд эдийн засгийн систем(үндэсний эдийн засаг, салбар байгууллага)-ийн гарц(үр дүн), түүнийг бий болгоход зарцуулсан орц (зардал, нөөц)-ын харьцаагаар тодорхойлогдон, эдийн засгийн үндсэн асуудал аль түвшинг хэр зэрэг үр ашигтай шийдвэрлэгдэж байгааг илэрхийлдэг, үр ашгийн нэгтгэсэн үзүүлэлт
2. Үр ашиг (Efficiency): хамгийн бага зардлааар хамгийн их үр дүнд хүрэх эдийн засгийн үндсэн зарчмын хэрэгжилтийн байдлыг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд бүтээмжийн хамгийн оновчтой төлөв байдлыг тодорхойлох
3. Гүйцэтгэлийн түвшин(Effectiveness): Эдийн засгийн систем нь зорилго, зорилтоо тоо, чанар болон цаг хугацааны хувьд хэрэгжүүлсэн байдлын түвшин
4. Хэмнэлт (Economy): Төлөвлөгөөт \Стандарт\нөөц ба бодит зарцуулалтын ялгавраар тодорхойлогдох үзүүлэлт
5. Чанар (Quality): Бүтээгдэхүүн үйлчилгээний тодорхойшинж чанаруудын нийлбэр цогц бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах чадварын түвшинг илтгэх
6. Ашигт ажиллагаа (Profitability): Ашгийн нийт ба цэвэр орлогод болон капиталын нэгжид ногдох хувийн жингээр тодорхойлогдох үзүүлэлт
7. Хөдөлмөрлөх орчны чанар(Quality of Work Life): Хөдөлмөрийн нөхцөл болон ажиллагчдын сэтгэл ханамжийн түвшинг илтгэх үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн материаллаг болон нийгэм, сэтгэл зүйн орчны нөхцөл байдлыг илтгэнэ.
8. Шинэчлэлт (Innovation): Өөрчлөлтийн аливаа үйл явцыг боломж болгон ашиглаж өөрийн санаагаа хэрэгжүүлэх үйл ажиллагаа бөгөөд зөвхөн техник технологи төдийгүй нийгэм эдийн засгийн хүрээг хамрах гүнзгий утга агуулгатай.Энэ нь шинэ зүйлсийн /техник, технологи, бүтээгдэхүүн, санаа, удирдлага, хөдөлмөрийн арга барил г.м/нэвтрэлтийн түвингээр тодорхойлогдоно.
Бүтээмжийн өсөлт дараахи 5 нөхцөлд хангагдана.
1 дэх нөхцөл:Гарц өсөж, орц буурах: хамгийн их (max)үр дүнд, хамгийн бага (min)зардлаар хүрэх эдийн засгийн үндсэн зарчим,
2 дахь нөхцөл: Гарц өсөж, орц тогтмол байх: Илүү үр дүнд ижил зардлаар хүрэх
3 дахь нөхцөл: Гарц тогтмол байж, орц буурах: Ижил үр дүнд илүү бага зардлаар хүрэх
4 дэх нөхцөл: Гарцын өсөлт, орцын өсөлтөөс давамгайлах: Хамгийн их(max)үр дүнгийн
5 дахь нөхцөл: Гарцын бууралтаас, орцын бууралт давамгайлах: Хамгийн бага(min)зардлын зарчимуудыг тус тус илэрхийлдэг.
Бүтээмжийн онол практикт түүнийг 3 үндсэн хэлбэрээр тодорхойлон тооцож байна. Үүнд:
1. Нийт бүтээмж (Total Productivity).Энэ нь эдийн засгийн системийн бүтээмжийн ерөнхий түвшинг нэгтгэсэн байдлаар илтгэх бөгөөд нийт гарц ба нийт орцын харьцаагаар тодорхойлогдоно.
2. Үндсэн хүчин зүйлсийн бүтээмж(Total Factor Productivity). Үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйлс болох хөдөлмөр, капиталын ашиглалтын үр ашгийн түвшинг илтгэх ба гарцыг хөдөлмөр капиталын нийлбэр орцод харьцуулан тодорхойлдог. Бүтээмжийн энэ хэлбэр нь ШУТехнологийн дэвшлийн нэвтрэлтийн байдлыг илэрхийлдэг.
3. Тодорхой хүчин зүйлийн бүтээмж /Partial Productivity/.Энэ хэлбэр нь нөөц, зардлын тодорхой элементүүдийн ашиглалтын үр ашгийг илэрхийлэх бөгөөд хүчин зүйлс тус бүрээр хөдөлмөрийн, капиталын, материалын, эрчим хүчний бүтээмж гэх мэтээр тооцох боломжтой. Үүнд:
Эдийн засагт бүтээмжийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол. Бүтээмжийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдолыг дараахи байдлаар тодорхойлж болно. Үүнд:
1. Бүтээмж нь үр ашгийн нэгтгэсэн үзүүлэлт болох тул эдийн засгийн үндсэн асуудал хэр зэрэг үр ашигтай шийдвэрлэгдэж байгааг, өөрөөр хэлбэл хязгаарлагдмал нөөцийн ашиглалтын үр өгөөжийг бодитойгоор тодорхойлох боломж олгодог.
2. Бүтээмжийн өсөлт нь аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшил, хүн ардын амьжиргааны түвшиний дээшлэлтийн нэг гол эх үүсвэр болдог.
Жишээ нь 1870-1979 он хүртэлх 100 орчим жилийн хугацаанд бүтээмж АНУ-д 1100 хувиар, Японд 2500 хувиар өссөний үр дүнд хүн амд ноогдох үйлдвэрлэлийн хэмжээ АНУ-д 700 хувиар, Японд 1700 хувиар тус тус нэмэгджээ.
Эдийн засагч П.Самуэльсон улс орнуудын хоцрогдол, буурай хөгжлийн нэг шалтгааныг бүтээмжийн түвшин доогуур байгаатай холбон тайлбарласан байдаг. Тэрээр бүтээмжийн түвшин доогуур байх нь ашиг орлого хуримтлалын хэмжээг бууруулан, улмаар капиталын хөрөнгө оруулалт хийж техник, технологи үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг хязгаарлах бөгөөд энэ нь эргээд бүтээмжийг бууруулахад хүргэдэг гэж үзсэн байна. Үүний улмаас буурай хөгжилтэй орнууд Ядуурлын "Чөтгөрийн тойрог"-т эргэлдсээр байдаг бөгөөд үүнээс гарах нэг арга зам бол бүтээмжийг дээшлүүлэх явдал мөн гэжээ.
Ер нь өндөр бүтээмж өрсөлдөх чадварын нэг чухал хүчин зүйл юм. Энэ талаар М.Портер:"... Өнөө үе бол өрсөлдөөний эрин үе. Түүний нэг чухал хүчин зүйл нь өндөр бүтээмж мөн"гэсэн байдаг.
Нөөц баялагийг өрсөлдөхүйц хөрөнгө болгохын тулд юуны өмнө түүнийг үр ашигтай зарцуулан хэрэглэгчдийн таашаал, эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр чанарын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон зах зээлд түргэн хугацаанд, хэрэгцээтэй тоо хэмжээгээр нь нийлүүлэх шаардлагатай. Ингэсэн тохиолдолд үйл ажиллагаа нь "өрсөлдөхүйц үйл явц" болох нөхцөл бүрдэнэ.
Энэхүү томъёололын ерөнхий утга агуулга нь өмнөө тавьсан зорилго зорилтоо хэрэгжүүлэхийн тулд нөөц баялгийг зүй зохистой, үр ашигтай хуваарилан зарцуулах үйл ажиллагааг өрсөлдөхүйц түвшинд хүргэн зөв оновчтой зохион байгуулж, бүтээмжийн өндөр үр дүнд хүрэх аливаа улс орон, бизнесийн байгууллагын чадварыг үндсэндээ илтгэдэг. Өөрөөр хэлбэл энд өрсөлдөхүйц үйл явц нь хязгаарлагдмал нөөц баялгийн үржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд уг үйл явцын үр дүн бүтээмжийн өсөлтөөр тодорхойлогдоно.

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү