Tuesday, August 20, 2013
Эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онол
Өнөө үед эдийн засгийн шинжлэх ухаанд эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онолын тухай байнга дурдах болжээ. Австрийн эдийн засагчид бидний хувьд энэ тодорхойлолт сайрхууштай зүйлсийн нэг бөгөөд бидэнд ийм өндөр нэр хүнд үзүүлсэнд талархахаас өөр замгүй. Тэглээ ч гэсэн аливаа шинжлэх ухаанд оруулсан өөр бусад хувь нэмрийн л нэгэн адил эдийн засгийн хямралын тухай орчин үеийн онол нь нэг л үндэстний эрдэмтдийн судалгааны ажлын үр дүн биш бөгөөд эдийн засгийн орчин үеийн танин мэдэхүйг бүрдүүлэгч хэсгүүдийн л нэгэн адил бидний арга ч гэсэн мөн л олон орны эдийн засгийн эрдэмтдийн хамтын хүчин чармайлтын үр нөлөө гэдгийг хэлэх нь зүйтэй.
Эдийн засгийн мөчлөгийн мөнгөн илэрхийлэл нь цоо шинэ зүйл биш ээ. Хөөрөгдлийн мөн чанарыг Английн “Мөнгөний сургааль”ийг /сургууль, чиглэл, арга барилыг/ баримтлагчид металлын /алтан/ баталгаагүй үнэт цаас ихээр гаргасны үр дүнд зээлийг өргөжүүлснээр тайлбарлахыг оролдож байлаа. Тэглээ ч гэсэн ямар ч үед чекээр шаардаж болох банкны тооцоо буюу урсгал гүйлгээ нь зээлийг өргөжүүлэхэд үнэт цаасны л нэгэн адил үүрэгтэй байдгийг мөнөөхөн сургаалийг баримтлагчид анхаараагүй юм. Өөрөөр хэлбэл, зээлийн тэлэлт нь үнэт цаасыг хэт илүүдэлтэй гаргахаар үл барам гүйлгээг замбараагүй болгосноос ч үүдэлтэй. Чухамхүү энэ үнэнийг дутуу ойлгосноос эдийн засгийн дараачийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд урсгал гүйлгээгээр дамжин зээл олголтыг өргөжүүлэх явдлыг зохицуулахын оронд металлын баталгаагүй үнэт цаас гаргахыг л хориглочихвол болох нь тэр хэмээн “Мөнгөний сургааль”ийг дагагсад итгэж байлаа. 1844 оны Пилийн хууль бусад улс орнуудын энэ чиглэлийн хуулиудын нэгэн адил тооцоолсон үр дүндээ хүрсэнгүй. Үнэндээ гэвэл үүнээс болоод л эдийн засгийн мөчлөгийг мөнгөний байр сууринаас тайлбарлах гэсэн Английн сургаалийн оролдлогыг бодит нөхцөл өөрөө мухардуулчихсан билээ.
Мөнгөний сургаалийн хоёр дахь дутагдал нь гэвэл, зээл олголтыг ихэсгэх механизмд дүн шинжилгээ хийхдээ зөвхөн нэг л улсад зээлийг өргөжүүлсэн нөхцөл байдлын судалгаагаар хязгаарлагдаж, бусад улс оронд банкны бодлого консерватив чиглэлийг баримталж байсныг хайхраагүйд оршино. Ийм нөхцөлд гадаад худалдааны зүгээс сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн юм. Дотоодын үнийн өсөлт импортыг өөгшүүлж, экспортыг сааруулдаг. Металл мөнгө хилийн чанад руу урсаж, үүний харгайгаар гүйлгээнд оруулсан эд хөрөнгөө /төлөгдөөгүй үнэт цаас, урсгал гүйлгээ/ нэхсэн шаардлагуудад банкууд дарагдаж, зээл олголтыг хязгаарлахаас өөр гарцгүй гэдгээ ойлгоход хүрнэ. Металл мөнгөний гадагш урсгал эцсийн бүлэгт нэг юм үнийн өсөлтийг зогсоож дөнгөнө. Чухамхүү мөнгөний сургаалийн алдаа нь бүх капиталист орнуудад нэгэн зэрэг ажиглагдах зээлийн тэлэлтийг тооцоогүйд оршино.
XIX зууны хоёр дугаар хагасад гарсан эдийн засгийн мөчлөгийн тухай энэхүү онол эргэлзээтэй болж, ерөөс эдийн засгийн мөчлөг гээч нь зээл болон мөнгөтэй огтоос хамаагүй гэсэн үзлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөнгөний сургаалийг цагаатгах гэсэн Викселийн оролдлого /1898001/ урт насалж чадсангүй.
Эдийн засгийн Австри сургаалийг үндэслэгч Карл Менгер, БёмБаварк, Визер нар эдийн засгийн мөчлөгийн асуудлаар оролдоогүй болохоор түүнд дүн шинжилгээ өгөх ажил Австрийн эдийн засагчдын хоёр дахь үеийнхэнд002 ноогдсон юм.
Алтны хангалттай нөөцгүй байлаа ч гэсэн алтан баталгаагүй үнэт цаас юм уу, урсгал гүйлгээний буюу фидуциар хөрөнгөний тусламжтайгаар банкууд зээл олгох үйлчилгээгээ өөрийн мэдлийн активууд хийгээд үйлчлүүлэгч нарынхаа итгэмжилсэн сангийн тусламжтайгаар тогтоосон хэмжээг хэтрүүлэн хангалттай өргөжүүлэн тэлж болно. Энэ нөхцөлд банкууд өөрсдийн бий болгосон нэмэлт зээлийн “нийлүүлэгч”ийн үүрэгтэйгээр зах зээл рүү гарснаар өөрсдийнх нь оролцоогүйгээр тогтоосон зээлийн хүүгийн хувийг мэдэгдэхүйц бууруулж чадна. Хүүг бууруулснаар эдийн засгийн идэвхийг урамшуулна. Банкуудын оролцоо ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байсан учир урьд нь ямар ч ашиггүйд тооцогдож байсан төслүүд “ашигтай” болон хувираад хэрэгжих боломжийг олно. Тухайн нөхцөл байдал идэвхижсэнээр үйлдвэрийн түүхий эд, ажиллах хүчний хэрэгцээ ихсэнэ. Үйлдвэрлэлийн хэрэгслийн үнэ болон хөдөлмөрийн үнэлгээ өсөж, цалин нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Хэрвээ банкууд хийж амжсан зүйлдээ сэтгэл нь ханаад, ийм үйл ажиллагаанаасаа татгалзсансан бол үнийн хөөрөгдөл агшин зуур намдах байсан юм. Гэвч банкууд сонгосон арга замаасаа татгалзах нь бүү хэл, зээл олголтоо улам бүр өргөжүүлээд байх тул үнэ хийгээд цалин хөлс түүнээ даган нэмэгдсээр л байх болно.
Гэвч энэхүү өсөлт зогсолтгүй үргэлжилж чадахгүй. Үйлдвэрлэлийн хэрэгсэл, ажиллах хүч нэмэгдэхгүй. Ердөө л дээр миний тодорхойлсончлон фидуциар хөрөнгө л нэмэгдэж, мөнгөний адил үүрэг гүйцэтгэх болно. Шинэ үйлдвэрүүдэд бий болсон үйлдвэрлэлийн хэрэгсэл хийгээд ажиллах хүч бусад үйлдвэрүүдийг сульдаана. Ямар нэгэн үйлдвэрээс юу ч булаан авалгүйгээр цоо шинэ үйлдвэрүүд босгочих баялаг аль ч нийгэмд байхгүй. Зээл олголт өргөжсөөр байх нөхцөлд энэ нь хэнд ч анзаарагдахгүй боловч хязгааргүй үргэлжилж мөн л чадахгүй. Улам их зээлийн сан бий болгох замаар өсөлтийг огцом зогсоох арга хэмжээ авлаа ч гэсэн үр дүнд нь үнийн тасралтгүй өсөлт улам гаарах болно. Олон нийт юмны үнэ өсөх нь удахгүй зогсоно хэмээн найдсаар байгаа үед инфляци, үнийн хөөрөгдөл үргэлжилсээр л байх болно. Харин мөнгөний ханш тогтворжихгүй нь гэдгийг ойлгоод ирүүтээ сандралд орж эхэлнэ. Өдрөөс өдөрт алдагдалд ороод байгаа болохоор мөнгө хадгалаад байхыг хэн ч хүсэхгүй, мөнгөнөөсөө л салахын тулд хэрэгтэй, хэрэггүй юм цуглуулан, ямар үнэтэйг нь эс харгалзан яаж ийгээд хурдхан шиг бараа болгохыг чухалчилна. Мөнгөний ханшийг удаан хугацааны туршид үргэлжлүүлэн унагах бодлого барьсан Герман хийгээд бусад улс оронд тохиолдож, “Бодит үнэ рүү зугталт” хэмээх нэр авсан бүх нийтийн солиорол гэж чухамдаа бол үүнийг л хэлээд байгаа юм. Барааны үнэ, гадаад валютын ханш тэр үед зүйрлэшгүй ихээр галзуурч, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш “Тэг” дээр буутал навс унасан билээ. Яг л 1923 онд Германд болсон шиг ханш нь огцом унана.
Хэрвээ мөнгөний ханшны уналтаас урьдчилан сэргийлээд банкууд хамаа намаагүй зээл олгохоо больж, хөөрөгдлийг зогсоочих юм бол зээлийн харгайгаар бий болсон “ашигт ажиллагаа”ны талаархи эндүүрэл нь зүүд, хөрөнгө оруулалт нь элсэнд асгасан ус байсныг ойлгоцгоох болно. Зээлийн хүүгийн зохиомол бууралтаар бий болж, үнийн хиймэл өсөлт дээр тогтож байгаа үйлдвэрийн газрууд хийгээд ажил хэрэгч гэгдэж байсан төслүүд ямар ч ашиггүй болно. Нэг хэсэг нь үйл ажиллагааны далайцаа багасгаж, нөгөө хэсэг нь дампууран бүрэн устагдах болно. Юмны үнэ огцом унаж, хөөрөгдлийн дараахи зогсонги байдал эхэлнэ. Тухайн үйлдвэрүүдэд хийсэн хөрөнгө оруулалт “түгжилт”ийнхээ хэмжээгээр алдагдал болно. Эдийн засаг цаашдаа ч үргэлжлэх эдгээр алдагдалтай эвлэрэхээс аргагүйд хүрнэ. Хамгийн түрүүнд хэрэглээгээ багасгаж, хямгатай зарцуулалтын аргаар үндсэн хөрөнгөнийхөө суурин дээр шинэ сангуудыг бий болгож үйлдвэрлэлийн удирдлагыг бодит нөхцөлд нийцүүлэх болно.
Зохиомол хөөрөгдөл гээч нь зээл олголтыг өргөжүүлсэн, арилжааны банкууд оролцсоноор зээлийн хүү буурснаас л үүсдэг юм. Харин зээл ихээр олгож байсан үед үнэн хэрэгтээ бол зээлийн хүү зохиомол хөөрөгдлийн өмнөх түвшингээс ч аажим аажмаар нэмэгдсэн нь тодорхой. Гэвч энэхүү өсөлт нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг сэргээж, эдийн засгийг муужруулсан хөөрөгдлийг зогсоож хүчрэхгүй. Яагаад гэвэл үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа зах зээл дээр хүүгийн цэвэр өсөлтийн хувийн хажуугаар нийт өсөлтөд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл байдаг. Тэр нь үнийн өсөлтийн нөхвөр юм. Юмны үнэ тасралтгүй өсөж, зээл авагч зээлсэн мөнгөөрөө бий болгосон бараагаа худалдан нэмэгдэл ашиг олж байгаа бол тэр хүн үнэ тогтвортой байх үеийнхээс ч илүү цалин, татвар төлөхөд хүрсэн байх ёстой. Үүний зэрэгцээ капиталын эзэн хүн /тухайн нөхцөлд зээл өгөгч банкир/ хүүгийн хэмжээндээ мөнгөний худалдан авах чадварын уналтаас учрах алдагдлын нөхвөрийг оруулахгүйгээр зээл өгнө гэж байхгүй. Хэрвээ банкууд хүүгийн хэмжээний тооцоондоо ийм нөхцлийг тусгахгүй бол тэдний тогтоосон хүүг “ердийн” нөхцөл, цаг үед байснаа бодвол хамаагүй өндөр ч гэлээ, урьдынхаасаа дэндүү бага түвшинд зориудаар барьж байна гэж үзэх хэрэгтэй болно. Энэ маягаар, 1923 оны зуны Герман дахь зээлийн хүүгийн хэдэн зуун хувийн хэмжээг маркийн ханшны огцом уналтын шалтгаан гэж үзэж болох юм.
Банкийн бодлого өөрчлөгдсөнийг дагаад худалдааны мөчлөгийн чиглэл өөрчлөгдөөд ирмэгц бүх зээлийг хязгаарласнаар зээл авахад маш их хүндрэл үүснэ. Гэнэтийн сандрал үүссэнээр хүүгийн хувь хэмжээ маш хурдан өснө. Хэсэг хугацааны дараа дахиад л унана. Тоон илэрхийлэл талаас нь харвал их уналтын үед тогтоосон зээлийн хүүгийн маш бага хувь хэмжээ эдийн засгийн урамшууллыг хангаж чаддаггүй нь нэгэнт ойлгомжтой болсон үзэгдэл юм. Хувь хүн болоод банкуудад бэлэн мөнгөний нөөц ихсэж, хэрэггүй активууд хуримтлагдавч зогсонги байдал үргэлжилсэн хэвээр байх болно. Одоо үүсээд байгаа /1936 он/ хямралаар энэхүү “ямар ч ашиггүй” алтны нөөцний хуримтлал нь тодорхой шалтгаанаар хэтэрсэн харьцааг /пропорцийг/ эзлэх болжээ. Янз бүрийн засгийн газруудын учруулж мэдэх девалвацаас үүсэх алдагдалд орохгүй байхыг капиталийн эзэд бүхэн чармайх нь мэдээж. Облигаци болон бусад үнэт цааснуудыг эзэмшсэнтэй холбогдон гарах мөнгөн алдагдлын хэмжээ зээлийн хүүгийн хувь хэмжээгээр нөхөгдөхгүй гэдгийг тооцоолсоны үндсэн дээр капиталын эзэд мөнгөн сангаа ханш унах магадлал багатай валютад шилжүүлэн хамгаалахыг хичээх нь мэдээж. Капиталын эзэд өнөөдөр тодорхой нэг валютын хүлээсэнд орохгүйг чармайгаад байгаагийн учир нь чухамхүү үүнд л байгаа юм. Чухамхүү үүнд л ашиг авчирч базаадаггүй ч гэсэн банкны дансаа улам өсгөн, алт болгоод байгаагийн учир оршдог. Хэдийгээр тэрхүү алт нь мөн л ашиг авчрахгүй, тэр ч байтугай хадгалах, хамгаалах гэж бөөн зардал гаргасан ч хамаагүй.
Өнөө цагийн зогсонги байдлыг уртасгаад байгаа бас нэг шалтгаан нь хөдөлмөрийн хөлс уян хатан биш байгаад оршино. Ажлын хөлс бол эдийн засгийн сэргэлтийн үед нэмэгдэж байдаг зүйл. Эдийн засгийн идэвхи буурахтай зэрэгцэн цалин хөлс зөвхөн мөнгөн илэрхийллээр ч биш, мөн бодит илэрхийллээр бас тодорхойлогдоно. Ажлын хөлсийг бууруулахын эсрэг амжилттай тэмцэж чадсанаараа Үйлдвэрчний эвлэлүүд ажилгүйдлийг бүх нийтийг хамарсан ердийн уршиг болгоод хувиргачихаж байгаа юм. Тэр ч бүү хэл, тэдний энэ бодлого нь эдийн засгийн өсөлтийг тодорхойгүй хугацаагаар хойш чангаах шалтгаан болдог. Ажлын хөлс, барааны үнэ хоёр гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээтэй тохирохоос нааш байдал тогтворжихгүй.
Зохиомол хөөрөгдлийн үе төгсөж, хямрал эхлэхтэй зэрэгцэн банкны бодлогын харгай гарч ирнэ гэдгийг олон нийтийн уур амьсгал зөв дүгнэж чаддаг юм. Нөхцөл байдлыг ингэтэл нь хурцдуулахгүйн тулд банкууд авах арга хэмжээгээ хойшлуулж болох байсан нь эргэлзээгүй. Тэд зээл олгох бодлогын ажиллагаагаа хэсэг хугацаанд үргэлжлүүлж болох байсан. Гэвч тэд мөнгөний системээ бүрэн сүйрэлд оруулахгүйн тулд хэмжээ хязгааргүйгээр тэсээд байж чадахгүй л дээ. Банкны зээлийн түрэмгийллээр бий болсон хөөрөгдөл эрт, орой нэгэн цагт төгсөх л ёстой. Хэрвээ өөрсдийнх нь бодлого санхүүзээлийн системийг нь бүрэн устгаасай гэж хүсэхгүй л бол өөрсдөө бий болгосон хөөрөгдлөө сүйрэл болохоос өмнө өөрсдөө л зогсоох ёстой. Зээлийн тэлэлт сунжрах тусам, банкууд бодлогоо өөрчлөхийг яарахгүй байх тусам хөөрөгдлийн үе шатны шинж тэмдгийг илэрхийлдэг ашиггүй хөрөнгө оруулалт, ашиг хөөцөлдсөн идэвхитэй дамын наймаа улам бүр өргөжсөөр байх болно. Хямрал төдий хэрээр үргэлжилж, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа руу буцан орох, түүнийгээ сэргээх хугацааг урьдчилан тодорхойлоход бэрхтэй болно.
Эдийн засгийн идэвхийг урамшуулах, “шахуурга ажиллуулж” зээлийг дахин өргөжүүлсний үндсэн дээр уналтыг зогсоох, өсөлтийг эхлүүлэх, үгүй ядахнаа урьдынх нь түвшинд эгүүлэн хүргэх тухай яриа тасралтгүй сонсогдсоор байна. Тэглээ ч гэсэн, өнөө цагийн хүндрэлийг түр зуур сааруулж чадсаны дараа тун удахгүй улам хүнд байдалтай учирна гэдгийг иймэрхүү аргыг баримтлагчид мартаад байгаа юм. Эцсийн бөлөгт, зээлийг тэлж, хүүгийн хувь хэмжээг хиймлээр бууруулах оролдлого нь түр зуурын үр дүн авчирч чадах боловч, эхэн үеийн өсөлт нь улам бүр гүнзгий хямралд байраа тавьж өгөөд, худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн уналтад оруулна гэдгийг ойлгох нь чухал.
Эдийн засгийн чөлөөт харилцан үйлчлэлийн үр дүнд л зөв байр сууриа олдог барааны үнэ, цалин хөлс, зээлийн хүүгийн хувь хэмжээг зохицуулах гэсэн хөндлөнгийн оролцооны зориудын ямар ч арга хэмжээнээс бүрэн татгалзаагүй цагт эдийн засаг зохистой, өөрийн жамаар хөгжиж чадахгүй.
Зээлийг тэлэх эдийн засгийн бодлого ч юм уу, хөрөнгийн /мөнгөний/ хомсдлын үр дагаврыг арилгах үүрэг банкуудад байх ёсгүй. Эдийн засгийн хэвийн нөхцөлд шилжих боломж өнөөдөр зэвсэглэлийг өргөжүүлэх, худалдааг хязгаарлах сүйрэлт бодлого, ажлын хөлсний уян хатан бус сүлжээнээс үгүй юм гэхэд болзошгүй дайны өмнөх айдсаас болоод хойшлоод байгаа нь харамсалтай. Гэхдээ л банкуудын зүгээс авах арга хэмжээ, зээлийг тэлэхөх үйл ажиллагаагаар нөхцөл байдлыг тогтворжуулж чадахгүй ээ.
No comments:
Post a Comment