Хуудасууд

Friday, September 13, 2013

Бүтээмжийн удирдлага, түүний онцлог




 Бүтээмжийн удирдлага, түүний онцлог
Нийгэм эдийн засгийн өсөлт, хөгжилтөд бүтээмжийн гүйцэтгэх үүрэг өсч, хамрах хүрээ нь тэлж ерөнхий менежментээс салангид бие даасан байдлаар хандах шаардлага тавигдаж үүнтэй уялдан дэлхий дахинд бүтээмжийн удирдлагын бие даасан тогтолцоо бүрдсэн байна.
Өнөөгийн байдлаар олон улсын болон үндэсний 400 орчим бүтээмжийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудын хувьд бүтээмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага бий болсонтой уялдан бүтээмжийн асуудал хариуцсан тусгай хэлтэс, тасаг байгуулан ажиллуулж байна.
Бүтээмжийн мэргэжилтэн,менежер, судлаачдыг нэгтгэн, хамтын ажиллагааг нь зохицуулах зорилгоор байгуулагдсан "Америкийн бүтээмжийн менежментийн ассоциаци" /American productivity management assosation-1982/-иас боловсруулсан тодорхойлолтонд бүтээмжийн менежментийг: "... нийт ажиллагчдыг хамарсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, хуваарилалт, борлуулалтын зардлыг бууруулах эцсийн зорилгод бүтээмжийн мөчлөгийн 4 үндсэн элемент /хэмжилт, шинжилгээ ба үнэлгээ, төлөвлөлт, дээшлүүлэлт /-ийн интеграцчилалаар хүрэх албан ёсны менежментийн процесс ..." хэмээн дурьджээ.
Дээрх тодорхойлолтын агуулга мөн чанар нь:  удирдлага, ажиллагчид, зардал, нэгдэл, албан ёсны 5 гол ойлголтоор илэрхийлэгдэж байгаа юм.
Бүтээмжийн менежментийн асуудлуудыг шийдвэрлэхэд удирдлагын дайчин шуурхай байдал, бүх ажиллагчдын идэвхи оролцоо, удирдлага, ажиллагчдын хамтын ажиллагаа зайлшгүй чухал билээ. Гэвч тодорхойлолтонд дурьдсан дан ганц зардлыг бууруулах нь эцсийн зорилго бус бөгөөд бүтээмж, үр ашиг дээшлэх 5 үндсэн нөхцөл байдаг тухай өмнө дурьдсан билээ.
Түүнчлэн Д.Сумант бүтээмжийн менежментийг, түүний хэмжилт, шинжилгээ ба үнэлгээ, төлөвлөлт, дээшлүүлэлтийн үйл ажиллагааг хамран мөчлөг хэлбэрээр тасралтгүй үргэлжлэх процесс гэж тодорхойлжээ.
Иймээс эдгээр нь бүтээмжийн менежментийн чиг үүрэг, бүрэлдэхүүн хэсгүүд, үндсэн элементүүд  болохын  зэрэгцээгээр, түүний процессын үе шатуудын үүргийг давхар гүйцэтгэх тул өөр хоорондоо нягт уялдаатай нэгдмэл шинж чанартай болох нь дамжиггүй.
1980-аад оноос өмнө бүтээмжийн асуудал байгууллагын ерөнхий удирдлагын үйл ажиллагааны хүрээнд хамрагдаж байв. Гэтэл үйлдвэр аж ахуйн газрын техник, технологитой холбоотой инженерүүдийн зохион бүтээх, шинэчлэх, боловсронгуй болгох үйл ажиллагаанд эдийн засгийн үр ашиг гол шалгуур болох бөгөөд энэ нь эцсийн дүндээ бүтээмжийн дээшлэлтээр тодорхойлогдох тул дээрх үйл ажиллагааны дүнд бүтээмж хэрхэн өөрчлөгдөж буйг давхар судлан, нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэн үнэлэлт өгөх шаардлагатай болдог. Ийм учраас инженерүүдэд бүтээмжийн талаар зохих мэдлэг олгох асуудал чухал ач холбогдолтой болохыг дурьдах нь зүйтэй юм.
Ер нь шинжлэх ухаан техникийн дэвшил нь аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн эх сурвалж болох бөгөөд үүнд, инженерүүдийн гүйцэтгэх үүрэг асар их билээ. Гэхдээ энэ хүрээнд шийдвэрлэгдэж байгаа ихэнх асуудлуудын эцсийн зорилго нь эдийн засгийн шинжтэй, гол төлөв үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх явдалтай холбоотой байх тул инженерүүд эдийн засгийн зохих мэдлэг эзэмших шаардлага 1970-аад оны үед хурцаар тавигдах болсон байна. Дээрх нөхцөл байдалтай уялдан зөвхөн менежерүүд төдийгүй инженерүүд үйл ажиллагаандаа бүтээмжийн чиг хандлага баримтлах болжээ. Иймээс "Бүтээмжийн инженеринг" гэсэн шинэ салбар үүсч хөгжсөн байна. Энэ нь "Аж үйлдвэрийн инженеринг"-тэй салшгүй холбоотой, түүний нэг бүрэлдэхүүн хэсэг болдог бөгөөд бүтээмжийн хэмжилт, шинжилгээ, үнэлгээ, төлөвлөлт, дээшлүүлэлт-ийн үйл ажиллагааны нэгдсэн системийг бүрдүүлэх, зохицуулах, боловсронгуй болгох асуудлыг хамардаг.
Бүтээмжийг дээшлүүлэхэд орц-зардлыг бууруулах явдал чухал ач холбогдолтой тул бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний өртөг, зардлын тооцоо, судалгаа шинжилгээнд " Өртгийн инженеринг"-ийн аргыг хэрэглэх нь зүйтэй. " Өртгийн инженеринг/Өртгийн шинжилгээ / Value engeneering,Value analyses"- ний аргыг анх Америкийн "Женераль электрик" компаний инженер Д.Лоуренс санаачлан боловсруулж, бүтээгдэхүүний өртөг, зардлын шинжилгээнд ашигласан бөгөөд хийц загвар, зохион бүтээлт боловсронгуй бусаас шалтгаалсан бүтээгдэхүүний өртөг дэх илүү зардлыг илрүүлэн арилгахад чиглэгддэг.
Энэ бүгдээс үзвэл: " Бүтээмжийн менежмент гэдэг нь удирдлагын бүх түвшинд бүх нийтийн болон байгууллагын ажиллагчдын идэвхи оролцоо, удирдлага-ажиллагчдын  хамтын ажиллагаанд тулгуурласан бүтээмжийг таньж мэдэх, түүний түвшинг хэмжих тооцоолох, нөлөөлөх хүчин зүйлсийг шинжилж, үнэлгээ өгсний үндсэн дээр дээшлүүлэх арга замуудыг тодорхойлон төлөвлөж хэрэгжүүлэн үр дүнг тооцох, тэдгээрт хяналт тавихтай холбоотой иж бүрэн асуудлуудыг хамарсан цогц ойлголт, тасралтгүй үйл ажиллагаа " гэж үзэж болох юм.
Бүтээмжийн менежмент нь бүтээмжийн хэмжилт-шинжилгээ ба үнэлгээ-төлөвлөлт-дээшлүүлэлтийн процессийг хамран мөчлөг маягаар тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаа бөгөөд, түүний амжилт нь удирдлага-ажиллагчдын хамтын ажиллагаа, бүх ажиллагчдын идэвхи оролцооноос ихээхэн шалтгаална. Иймд бүтээмжийн менежментийн агуулга нь дараахи байдалтай байна.
              бүтээмжийн удирдлага нь удирдлагын шинжлэх ухааны бие даасан өвөрмөц салбар болохын хувьд өөрийн гэсэн онцлог чиг үүргүүдтэй. Үүнд:
1.  Бүтээмжийн хэмжилт
2.  Бүтээмжийн шинжилгээ ба үнэлгээ
3.  Бүтээмжийн төлөвлөлт
4.  Бүтээмжийн дээшлүүлэлт
Эдгээр нь Бүтээмжийн удирдлагын чиг үүрэг болохын зэрэгцээ түүний бүрэлдэхүүн хэсгүүд, тасралтгүй үргэлжлэх процессын мөчлөгийн элементүүд, үйл ажиллагааны үе шатны үүргийг давхар гүйцэтгэдгээрээ онцлогтой.
2.    Бүтээмжийн удирдлагын онол, арга зүйн хандлагууд
"Хүн-систем- Орчин" загвар
Бүтээмжийн удирдлагын онол арга зүйд тухайн улс орны менежментийн философи ихээхэн нөлөөтэй байдаг. Тухайлбал:
  • Америк, баруун Европын бүтээмжийн удирдлагын загварт хувийн хариуцлага хүлээх албан ёсны зохион байгуулалтын тогтолцоог илүүд үзэн, богино хугацаанд өндөр ашиг олох үр дүнг голчилсон, шуурхай шийдвэр гаргах хандлага давамгайлдаг.
  • Япон Азийн орнуудад бүтээмж, чанартай холбоотой аливаа асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэх, алс хэтийн төлөвлөгөө боловсруулан түүний хэрэгжилтэнд хамтын хяналт тавин, хариуцлага хүлээх албан ёсны бус зохион байгуулалтын тогтолцоонд тулгуурлан, бүтээмж дээшлэлтийн үр шимийг хамтран /удирдлага, ажиллагчид, хэрэглэгчид/ хүртэх зарчмыг хэрэгжүүлэх хандлагыг түлхүү баримталж байна.
Бүтээмжийн менежмент нь үндсэндээ тодорхой системийн хүрээнд бүх төрлийн нөөцийг аль болох үр ашигтай, оновчтой хуваарилан ашиглахын зэрэгцээгээр, тухайн системийн гадаад орчны өөрчлөлтөнд уян хатан зохицох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Зохион байгуулалтын аливаа систем хүмүүсээс бүрдэн, өөрөө гадаад орчны хүрээлэлд оршин тогтнож, түүний нэг бүрэлдэхүүн хэсэг болж байдаг тул үүнийг "хүн", "систем", "орчин" гурвалаар илэрхийлж болох юм.
Бүтээмжийн удирдлагын онол, практикийн судалгаанаас бүтээмжтэй холбоотой ямарваа асуудал "хүн-систем-орчин" гэсэн гурвалыг цогц байдлаар хамарч байдаг нь тодорхой харагдаж байгаа бөгөөд бүтээмжийн удирдлагын явцад эдгээрийг бие биенээс нь салангид байдлаар авч үзэх нь өрөөсгөл хандлага болох талтай. Иймээс бүтээмжийг "хүн-систем-орчин"-ны зүй зохистой уялдаа холбоо, үр ашигтай харилцан нөлөөллийн үр дүн гэж үзэж болох юм.
Дээрх хандлага, загварт тулгуурлан бүтээмжийн удирдлагын онолын 3 өөр чиг хандлагыг тодорхойлбол:
1.    Ази Японы бүтээмжийн удирдлагын хандлага
 "Хүн- Систем-Орчин"
2.    Америк, баруун Европын бүтээмжийн менежментийн хандлага
 "Хүн- Систем-Орчин"
3.    Монголын уламжлалт бүтээмжийн Менежментийн хандлага                            
"Хүн- Систем-Орчин"
1.4.    Бүтээмжийн менежментийн хандлагууд
1.    Ази, Японы хувьд бүлэг хамтын сэтгэлгээнд тулгуурлан хүмүүс харилцан туслалцаж, хамтран ажиллаж, амьдрах байгууллага, хамт олон, гэр бүл, найз нөхөд,хөршүүдийн өмнө тодорхойхариуцлага хүлээж, түүнээ гүнээ ухамсарлаж, идэвхи зүтгэл гарган үүргээ нарийн чанд биелүүлэх хандлага давамгайлдаг байна.
2.    Америк баруун Европын бүтээмжийн менежментийн хүрээнд хувь хүмүүсийн мэдлэг боловсрол, ур чадвар, авъяас билэг,эрх чөлөөг дээдлэн, тэдний манлайлал болон өрсөлдөөнд тулгуурлаж аливаа үйл ажиллагааны эцсийн үр дүн, гүйцэтгэлийн түвшинг голчилсон хандлагыг түлхүү баримталж байна.
3.    Монголын уламжлалт бүтээмжийн менежментийн хандлагад аж ахуйг үр ашигтай эрхлэхийн тулд гадаад орчны нөхцөл байдал буюу байгал цаг уурын нөлөөллөөс хамааруулан үйл ажиллагаагаа зохицуулах шаардлага тулгарах бөгөөд өнөө үед ч Монголын эдийн засаг бүхэлдээ энэ нөлөөллөөс хамааралтай хэвээр байгаа юм.
Өнөө үеийн Монголын нийгэм эдийн засаг нь суурин болон нүүдлийн соёл иргэншлийн хэв шинжийг нэгэн зэрэг агуулж байгаа бөгөөд энэ нь түүний өвөрмөц онцлогийг тодорхойлох гол үндэслэлүүдийн нэг болж байна.
Иймээс манай орны өнөөгийн нөхцөл дэхь бүтээмжийн удирдлагын хандлагад дээрхи онцлогийг харгалзан тусгах нь зүй.
Тодруулбал, манай орон хүнийг дээдэлсэн энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулахаар зорьж байгаа бөгөөд хөгжлийн гол тулгуур нь хүний бүх талын хөгжил байх болно.
Энэхүү зорилгод хүрэх үйл ажиллагаа нь нарийн зохион байгуулалт бүхий оновчтой тогтолцоогоор дамжин хэрэгжих бөгөөд үүний хүрээнд хүмүүсийн хоорондын ойлголцол, харилцан туслалцаа, хамтын сэтгэлгээ  чухал үүрэгтэй. Дээрхид тулгуурлан Монголын зах зээлийн нөхцөлд бүтээмжийг удирдах онол арга зүйн "хүн-систем-орчин" гэсэн хандлагыг ашиглах нь зүй юм.
Энэхүү загвар нь бүтээмж бол "хүн-систем-орчин" гурвалын зүй зохистой уялдаа холбоо үр ашигтай харилцан нөлөөллийн үр дүн гэдэгт үндэслэгдэж байгаа бөгөөд Бүтээмжийн удирдлагын Ази-Японы бүлэг /систем/, хамтын сэтгэлгээнд тулгуурлах, Америк, баруун Европын хүнд төвлөх, Монголын уламжлалт нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн буй орчинд зохицох хандлагуудын зохистой хослол байх ёстой юм.

Монголын бүтээмжийн удирдлагын дээрх загварыг хэрэгжүүлэхэд юуны өмнө баримтлах чиг хандлага, стратегийг тодорхойлох шаардлагатай бөгөөд энэ нь эрхэм зорилгын томъёололтой холбоотой. Иймээс өрсөлдөх чадвар бүтээмжид чиглэсэн үйл ажиллагааны эрхэм зорилгыг үндэсний эдийн засаг, түүний салбар, байгууллага, ААН-ийн түвшинд дараахи байдлаар тодорхойлж болох юм.
Үндэсний эдийн засгийн түвшинд:
-      Эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай, оновчтой байршуулж хуваарилан ашиглаж, нийгмийн хэрэгцээг аль болох бүрэн дүүрэн хангах үндсэн дээр хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэн чанаржуулж, хүний хөгжлийн таатай нөхцлийг бүрдүүлэн, нийгэм-эдийн засгийн тогтвортой давшингуй, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар, экологийн чиг баримжаатай хөгжлийг хангах явдал юм.
Эдийн засгийн салбарын түвшинд:
-      Хувийн хэвшлийг давамгайлан хөгжүүлэх үндсэн дээр үйлдвэрлэн бүтээх чадавхи, экспортыг дээд зэргээр нэмэгдүүлэн, үйлдвэрлэл нийгэмд аюулгүй байх, тогтвортой хөгжлийг хангах таатай орчинг бүрдүүлэн, салбарын бүтээмж, үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал юм.
ААН,бизнесийн байгууллагын түвшинд:
-      Удирдага, ажиллагчдын нягт хамтын ажиллагаанд тулгуурлан нөөц хөрөнгийг оновчтой ашиглаж дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах үндсэн дээр хөдөлмөрлөх таатай орчин нөхцлийг бүрдүүлэн, бүтээмж, үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшоүүлэх явдал гэж тус тус томъёолж болох юм.
Эдгээр зорилгод хүрэх стратегийн ерөнхий чиг хандлага нь "хүн-систем-орчин"-ны бүрдэл хэсгүүдийн хослолын харилцан нөлөөллийн хүрээнд /A,B,C/ тодорхойлогдоно. Үүнд:
А: "хүн-систем"-ийн харилцан нөлөөллийн хүрээ:
1.    "хүн-систем": Ажиллагч бүр байгууллагын үйл хэрэгт хувь нэмэр оруулах, ухамсар бүхий хөдөлмөрийг дээдэлсэн зөв хандлагатай, хамтач, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлсэн байх,
2.    "систем-хүн": "Хүний хөгжил-Байгууллагын хөгжил" гэсэн зарчимыг тууштай баримталж ажиллагчдыг хөгжүүлэх, урамшуулан идэвхижүүлэх үндсэн дээр бүтээлчээр хөдөлмөрлөх тав тухтай орчинг бүрдүүлэх,
В:  "хүн-орчин"-ы харилцан нөлөөллийн хүрээ:
1.    "хүн-орчин" : Иргэн бүр нийгмийн үйл хэрэгт хувь нэмэр оруулах, бүтээлч идэвхи санаачлага гарган хөдөлмөрлөх эерэг хандлагатай, аливааг өөрчлөн сайжруулах ухамсарыг төлөвшүүлсэн байх,
2.    "хүн-орчин":  Ард олныг энэрэн халамжлах үндсэн дээр хүний эрх, эрх чөлөөг хангаж, ардчилалыг баталгаажуулан, эрүүл энх амьдрах, өсөж хөгжих, сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэн, амьжиргааны түвшинг дээшлүүлэн чанаржуулах,
С: "систем-орчин"-ы харилцан нөлөөллийн хүрээ:
1.    "Систем-орчин": Үйлдвэрлэгч байгууллага бүр нийгмийн үйл хэрэгт хувь нэмэр оруулан, нийгмийн өмнө тодорхой хариуцлага хүлээх ухамсрыг төлөвшүүлсэн байх,
2.    "Орчин- систем": зах зээлийн харилцааг төлөвшүүлэх, өрсөлдөөний таатай нөхцлийг бий болгож, үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг төгөлдөржүүлэн, хууль эрх зүйн зохицуулалтын болон бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх орчинг бүрдүүлэх, зэрэг болно.
Өрсөлдөх чадвар, бүтээмжийн стратегийн дээрх ерөнхий чиг хандлагын хүрээнд салбар байгууллага бүр үйл ажиллагааныхаа стратегийн зорилтуудыг тодорхойлон хэрэгжүүлэх боломжтой.  

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү