Хуудасууд

Sunday, September 29, 2013

Монголын түүх (Товч)


Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 850000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг. Тийм боловч МЭӨ 3-р зуунаас төмөр зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс л улс төрийн хувьд чухал болжээ. Ерөнхийдөө энэ үе хүртэлх Монголын түүх нь Сибирь, умард Орос, Хятад, Араб Перс, Төв Азийн хооронд орших тал газрын түүхтэй ижилхэн байжээ. Энэ тал газрыг, хааяа нэгддэг боловч амархан задарч үгүй болдог холбоонуудыг үүсгэдэг тархай бутархай нүүдэлчин аймгууд эзлэж байв. Эдгээр нүүдэлчид нь мал аж ахуй эрхэлж, газар тариалангийн улсууд ба хажуудах аймгуудтай худалдаа хийж, тэдгээрийг довтолж амьдарч байжээ.


Хэдийгээр ийм тархай бутархай байсан ч зарим үе Хятад, Араб, Персийн орнуудад заналхийлсэн хүчтэй нэгдлүүдийг бий болгож байв. Эдгээр нэгдлүүд нь амархан задарч үгүй болдог байсан ч довтолсон орнуудынхаа хүмүүсийг тарааж, улс төрийг нь тасалдуулж байв. Монголын талын нүүдэлчид нь голдуу ойр орших Хятадад анхаарлаа хандуулж байсан ба ийнхүү энэ хоёр тал нь өвөр хоорондынхоо түүхэнд харилцан нөлөөлж байв.
МЭӨ IV зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Хамгийн хүчирхэг үедээ баруун зүгт Түрэгстан, зүүн зүгт Хянганы нуруу, хойд зүгт Байгаль нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг эзлэж байжээ.
Хүннү гүрнийг анх Түмэн шаньюй үндэслэжээ. Түүний хүү Модун шаньюй нь МЭӨ 209 онд эцгийгээ хөнөөж аймгуудыг нэгтгэж хүчирхэгжүүлжээ. Тэдгээр зүүн Монголд хамгийн хүчтэй байсан гол өрсөлдөгч аймаг болох Дунху нарыг эзэлжээ. Улмаар Цинь улсын баруун аймгуудыг эзлэн өөртөө нэгтгэжээ. Гэвч Хятадын жанжин Мэн Тянь энэ эзлүүлсэн газрыг эргүүлэн авчээ.                                      Модун шаньюй МЭӨ 174 онд нас барснаас хойш 100 гаруй жилийн турш Хүннү нар дотоод Азид ноёрхож байв. Харин улмаар эзлэгдсэн Дунху нар, өмнөд талаарх Хятадууд нь Хүннүг өмнө, умар хоёр тийш хуваан задалжээ. Өмнөд Хүннү нарыг Хятадууд эзлэж нийлмэл цэргүүд нь Умард Хүннү нарыг довтолж эхлэжээ. Ийнхүү цохигдсон умардынхан Жижи шаньюйгаар удирдуулан Кангюй аймагтай холбоо тогтоож Үсүн нарын эсрэг холбоо байгуулж байсан байна. Үсүнчүүд тухайн үедээ хүчирхэг аймаг байсан бөгөөд Хань улстай холбоотон байсан юм. Хүннү аймаг өөрийн хүчирхэг өрсөлдөгч Үсүнчүүдийг дарж хүчирхэг улс байгуулсан авч удалгүй задарч улмаар Цагаан хүннүчүүд МЭ 372 оны үеэс Ромын эзэнт гүрнийг барбаруудтай (Barbarians) хамтран унагаалцах болсон, Аттилагийн үед дээд цэгтээ хүрсэн Хүн нар болжээ.
Сүмбэ буюу Сяньби улс нь МЭ 1-р зуунаас хүчирхэгжиж эхлэсэн бөгөөд Таньшихуайгийн (141-181 онд амьдарч байсан) доор нэгдсэн улс болжээ. Таньшихуай хааны үед Хүннүгийн захиргаанд байсан газрыг эзэмших болжээ. Сүмбэ нь 167 онд Хань улсын довтолгооныг няцааж 180 онд Хятадын хойд хэсгийг эзлэн авчээ. Сүмбэгийн ард нь мал аж ахуйгаас гадна бага хэмжээний газар тариаланг эрхэлж байжээ. Сүмбэ нь III зуунд бутарчээ.
Сүмбэ нарын нэгэн хэсэг болох Тоба аймаг нь 386 онд хойд Хятадад Тоба Вэй улсыг бий болгожээ. Тоба Гуй хаан нь нүүдэлчдийг нэгтгэж урагш довтолсоор өөрийгөө Хятадын хаанаар өргөмжилжээ. Гэвч тэдгээр нь хожмын Манжууд шиг Хятад үндэстэн рүү уусан алга болсон ажээ. Тоба Вэй улс 581 онд бутарчээ.
Сүмбэ нарын гарал үүслийг Монгол гаралтай, Тунгус гаралтай, эсвэл энэ хоёр үндэстний аль алиных нь овог болно гэсэн 3 ерөнхий таамаг байдаг боловч хэл аялгууны хувьд үнэхээр Монгол хэлтэн байсан бололтой.Тэдний нутаглаж байсан газар нь Хянганы нурууны орчимоос Лядоны хойг хүрч байлаа.
Жоужань буюу Нирун улс нь 330-555 оны хооронд Байгаль нуураас Говь цөл, Харшаараас Солонгос хүртэлх нутгийг захирч оршин тогтножээ. 402 онд Шэлүнь буюу Жарун ширээнд сууж хаан цолыг хэрэглэх болсон ба Шэлүний үеэс хойш хүчирхэгжсэн. 552 онд Нируны удирдлага доорх Түрэг угсаатан бослого хийж, 555 онд мөхөөжээ. Түрэгүүдийн байгуулсан Түрэгийн эзэнт гүрэн нь Чингисийн гүрнээс өмнөх нүүдэлчдийн хамгийн хүчтэй гүрэн байжээ.
Нируны зарим хэсэг Монголоос гарч VI зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Монголд үлдсэн ард нь Татар аймгуудын өвөг дээдэс болжээ.
Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ.
Түрэгүүд нь Жужан улсад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Бумин өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг хэмээн нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Бумин охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө Жоужаний дайснуудтай холбоо тогтоож 552 онд тэдний дарлалыг авч хаяж чаджээ. Түрэгийн холбоотнуудаас хойд Хятадын Тобагийн Вэй улс их хэрэг болсон юм. Бумин өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Бумины дараагийн хаад ялангуяа Мукан буюу Буга хааны үед түрэгүүд хиргис, киданчуудыг байлдан дагуулж Жоужаний үлдэгдлийг хойд оросын нутаг хүртэл элдэн хөөжээ. Мөн Хятадын Чи, Жоу улсууд 570 оноос түрэгийн хаанд татвар төлөх болов.
Гэвч 590 онд Түрэгийн хаант улс Дорнод Түрэг, Өрнөд Түрэг хоёр хэсэгт хуваагджээ. Ингэснээр хүч нь суларч, Тан династи Дорнод түрэгийг харьяалалдаа авчээ. Өрнөд Түрэг ч гэсэн дотроо улам эвдэрч, хоёр талаас нь Араб, Хятадууд цохиж эхэлжээ. 670 ба 682 онд тус тус Өрнөд Түрэг ба Дорнод Түрэг дахин бага зэрг хүчирхэгжсэн ч гэсэн удаан тогтож чадсангүй. 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг бүрэн мөхөөжээ.
Монголын эзэнт гүрэн буюу Их Монгол улс байгуулагдах хүртэл Монголын нутагт Түрэгийн хаант улс шиг хүчтэй улс гарч ирээгүй юм.
Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. 751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг үндэслэжээ. Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас говь хүрэлх газар нутгыг захирч байжээ. 755 онд Тан улс тариаланчдын бослогийг дарахын тулд Уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос хойш 12 жилийн турш Тан улс Уйгурт алба гувчуур өгөх болжээ.
Уйгурууд нь өмнөх нүүдэлчдээсээ илүү их соёлыг хөгжүүлж согд-түрэгийн бичгийг сайжруулж өөрийн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн хэрэглэх болжээ.
Уйгурын хаант улс 840 онд Енисейн хиргисүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ. 840 онд Енисейн хиргисүүд Уйгуруудыг хөөж богино хугацааны турш үргэлжилсэн хаант улсыг одоогийн Монгол улсын нутагт тогтоожээ. Хиргис улсын Ажо Үндэслэн байгуулсан бөгөөд тэрбээр 50 гаруй жил Монгол нутагт ноёрхолоо тогтоож чадсан юм. Гэвч 924 онд өөрсдөө кидан буюу хятан нарт дээд Енисей хүртэл хөөгджээ. Хиргисүүд нь нүүдэлчин ард түмэн байсан бөгөөд Ажо хагааны 12 хөвүүн нь түүний улсыг авч чадалгүй бутран доротход хүргэсэн байна.
Кидан буюу Хятан нар нь 4, 5-р зууны үед Цагаан хэрмийн хойно нүүдэллэн амьдарч байсан ба үүний улмаас нүүдэлчин ард иргэдээс хамгийн их хятадчлагдсан нь байлаа. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ.
Киданчууд нь Солонгос, Манжуур, мөн Хэрлэн, Туул, Орхон голын хөндийнүүдийг захирч байжээ. Улам хүчирхэгжиж Хятадыг эзлэж эхлэснээр Ляо гүрэн хэмээн нэрийдэх болжээ. Кидан улс нь хоёр янзын амьдралтай иргэдээс тогтож байжээ: хойд талдаа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг ард, өмнөд талдаа газар тариалан эрхэлдэг ард. Энэ 2 хэсэг нь бие биентэйгээ худалдаа наймаа өргөн хийдэг байжээ.
Киданчууд нь ханз бүхий киданы их бичиг, цагаан толгой бүхий киданы бага бичиг хэмээх хоёр төрлийн бичигтэй байжээ. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. Киданчууд бөө мөргөлөөс арай холдож, буддизм шашинтай байжээ.
Кидан улс өмнөд талаараа Хятадын Сүн гүрэнтэй Шаньси мужаар хиллэн, 200 орчим жилийн турш зүрчидийн Алтан улс байгуулагдах хүртэл оршин тогтножээ. Зүрчидэд цохиулж Бээжинг булаалгасан киданчууд дүрвэсээр 1128 онд Кашкарт хүрч, тэндээ чухал үүрэг гүйцэтгэсэн Хар Киданы хаант улсыг байгуулжээ.
Есүхэй баатар Татаруудад хорлогдсоноос хойш Хамаг Монгол нь захирагчгүй байлаа. Түүний хүү Тэмүжин нь хагас өнчин болж бага насандаа асар их зовлон бэрхшээлийг туулжээ. Түүний эх Өэлүнг Мэргидийн Чилэдүгээс эцэг нь авсны өшөөнд Мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинг авсан байна. Эхнэрээ аврах гэж Тэмүжин эцгийн анд Ван хан Тоорил, өөрийн бага насны анд Жамухын тусламжтайгаар Мэргидийг сөнөөжээ. Энэ хэрэг явдлаар Хамаг Монгол дотроо Тэмүжиний нөлөө ихээр ихэсч анд Жамухатай өрсөлдөөн эхлэжээ. 1189 онд түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан нэртэй болжээ. 1206 он хүртэл Тайчууд, Жүрхин, Татар, Найман гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэжээ. Ингэснээр Онон голын орчимд хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг (Ехэ Монггул Улус) зарлан тунхагласан байна. Чингис хаан нь 1206-1227 оны хооронд Тангууд, Хорезм, Хар хятан, Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Түүнийг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази багтаж байв. Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ. Чингис хаан Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлжээ. Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэл газар нутаг, Цагадайд Эрчисээс Балхаш нуур, Төв Ази, дорнод Персийг, Өгэдэйд Зүүнгар, Манжуур, хойд Хятад, отгон хүү Тулуйд Монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ.
Өв залгамжлагч Өгэдэй хаан (1229-1241) нь гүрнийг улам тэлж, нийслэл Каракорум буюу Хархоринг байгуулжээ. Түүний удирдлага доор Их Монгол улс нь Чингис хааны дуусгаагүй Алтан улсыг эзлэж, баруун Ази, Европ руу улам тэлжээ. Өгэдэй хааныг нас барсны дараа Чингисийн үр удмууд нь нэг талдаа Зүчи, Тулуйн удмынхан нөгөө талдаа Өгэдэй, Цагадайн удмынхан гэж хоёр хуваагджээ. Өгэдэй хааны дараа 1236 оны Их хурилдайгаар түүний хүү Гүюгийг хаан (1236-1248) ширээнд залжээ. Гүюгийн дараа 1251 онд Тулуйн хүү Мөнхийг хаан (1251-1259) ширээнд суулгажээ. Мөнх хаан нь өөрийн дүү Хүлэгүг Персийг дайтахаар явуулж тэрээр 1257-1259 онуудад Персээс гадна Багдад, Кавказ, Сириг өөрийн эрхшээлдээ оруулжээ. 1260 оны Их хурилдайгаар Мөнхийн дүү Аригбөхийг хаан ширээнд залсан боловч ах Хубилайтай 1261-1266 онд нас барах хүртлээ тэмцэлджээ.
17-р зууны үеэс Монголын хааны эрх мэдэл маш суларчээ. Сүүлийн хаан Лигдэн нь Цахарын Лигдэн нэртэй болсон нь бүх Монголыг бус зөвхөн Цахарыг л удирдлага доороо байлгаж чадсаны шинж юм. Ингэснээр Монгол нь олон ноёдын эзэмшил болон хувирч, цэргийн нэгдсэн хүч гаргаж чадахгүй болжээ.
Энэ үеэс зүүн зүгт Манжууд хүчирхэгжжээ. 1636 онд одоогийн Өвөр Монгол Манжид дагаар оржээ 1691 онд Халхыг 1750 онд Зүүнгарын хаант улсыг Манжууд буюу Манж Чин улсын захиргаан дор оруулжээ. Ингэснээр Монгол нь 1911 он хүртэл дараагийн 220 жилийн турш Манж Чин улсын дарлалд оржээ. 1755 онд бас Баруун буюу Ойрад Монголыг захиргаандаа авчээ.
20-р зууны эхнээс Чин улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг Хятадад нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн 1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн монголын хаад ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг 8 сард Хаант Орос улсын Санкт-Петербург руу илгээжээ. Энд Оросууд тусалцаа өгөх болно гэж шийдвэрлэж Монголд эргэн ирэхэд нь Хятадад хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасч байсныг далимдуулж 1911 оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.
1913 онд Өвөр Монголыг шинээр тусгаар тогтносон Монгол улстай нэгтгэхээр цэргүүдийг явуулсан ч, Хаант Орос, Дундад Иргэн Улс дарамт шахалт үзүүлснээр цэргүүдээ татжээ. Иймд Монгол нь тусгаар тогтнолоо зарласан ч гэсэн үнэн хэрэгтээ Хаант Орос, Дундад Иргэн Улсын шахалтад байснаар 1915 оны Гурван улсын гэрээнд Монгол улсыг ДИУ-ын автономит болж тусгаар тогтнол нь устжээ.
Харин Орос дахь Октябрын хувьсгалыг Хятадууд ашиглаж Монгол руу цэрэг илгээн 1919 онд Монголын автономийг устгах гэрээг хүчээр зуруулжээ. Энэ нөхцөл байдалд Монгол Ардын Нам (МАН) байгуулагдаж, Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр болжээ. Энэ үеэр Барон Унгерн фон Штернберг Хүрээг эзлэж, 1921 оны 3 сард дахин Хятадаас тусгаарлаж 7 сарын 6-нд хаант засгыг байгуулж, хятад цэргүүдийг хөөжээ. Харин 1921 оны 7 сарын 6-нд МАН, Зөвлөлтын цэргүүд Хүрээг эзлэж, шинэ засгийн газрыг байгуулжээ. Дараагийн хэдэн жилүүдэд ЗОУ-ын нөлөө улам ихэсч, Богд хаан нас барсны дараахан 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглажээ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтын нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан Догсомын Бодоо, Солийн Данзан нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. 1928 онд Хорлоогийн Чойбалсан удирдагч болжээ. Тэрээр хувийн өмчийг хурааж, шашинд дайсагнаж, 1937 оноос эхлүүлсэн Их Хэлмэгдүүлэлтэд 30,000 гаруй хүн алагджээ.
БНМАУ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д тусламж илгээж байсан ба 1939 оны
Халх голын дайнд ЗХУ, Монголын хамтарсан хүчин Японы хүчинг дийлжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд дайн зарласан байна. 1945 онд Иосиф Сталин, Чан Кайши нар Японы эсрэг хоорондоо холбоо тогтоож, энэ үед Бүгд Найрамдах Хятад Улс нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдахад 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.
1952 оны 1 сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан Москва хотод нас барахад Юмжаагийн Цэдэнбалд эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ. 1961 онд НҮБ-ийн гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох болжээ. Харин яг энэ үед буюу 1960-аад оноос ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа таслагдаж Монгол нь ЗХУ-тай нэг тал болжээ. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэссэн ч гэсэн Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж, бичиг үсэг мэдэх байдал ихэсчээ. 1984 онд Цэдэнбал Москвад айлчилж байхад нь түүний өвчин Их Хурлыг шинэ удирдагч Жамбын Батмөнхийг сонгоход хүргэжээ. 1989 оны 12 сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагснаар ардчилах хөдөлгөөн эхэлжээ. Удалгүй Монголын Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Ногоон Нам, Монголын Чөлөөт Хөдөлмөрчдийн Нам гэсэн ардчилсан намууд байгуулагджээ. 1990 оны 3 сарын 7-9-ны хооронд Монголын Ардчилсан Холбооны гишүүд өлсгөлөн зарласнаар МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо огцорч нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны эхлэл тавигджээ. 1990 оны 7 сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал тогтжээ. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталжээ. 1993 оны 6 сарын 6-нд анхны шууд ерөнхийлөгчийн сонгууль болжээ.
< Danny >

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү