Хуудасууд

Thursday, June 18, 2015

БИЗНЕСИЙН арван АЛТАН ЗАРЧИМ



Нэгдүгээр зарчим: Итгэлцэл

Итгэлцэл хэлэхэд амархан хүн бүхний мэддэг зүйл боловч биелүүлэхэд дэндүү хэцүү зүйл. Итгэлцлийг амьдралд бодит зүйл болгон хэрэгжүүлэхийн тулд гэрээ хийх хэрэгтэй. Гэрээ хийх хамгийн амархан арга нь талууд бие биендээ өгье гэдэг сэтгэлээр эхэлбэл ажил урагштай болох анхны алхам. “Би авах юмаа нэгдүгээрт байлгана” гэсэн үзлээр гэрээ хийх гэж оролдвол цаад тал ч бас л өөрийн талд давуу байдал үүсгэх гэж оролдох тул тохиролцох арга байхгүй, байлаа ч нүх цоорхой олж харилцан хулхидаж хулгайлах зүйлээ бодон нойртой хонодоггүй. Аль аль тал нь ийм зүйл бодож хийсэн гэрээгээр нөхцөлдсөн ажил олигтой өнгө төрхтэй байх уу?



Хоёрдугаар зарчим: Амласнаа биелүүлэх

Амласнаа биелүүлэх нь том бизнес хийж сурах цагаан толгойн дараагийн үсэг. Амлалт дараах зүйлс дээр хийгддэг. Үүнд:
1. Цаг хугацаа
2. Шинэлэг байдал, технологи
3. Материал
4. Үнэ
5. Бүтээгдэхүүний чанар
6. Тоо хэмжээ
7. Баталгаа
8. Тайлагнал
Амласнаа биелүүлээгүй тохиолдол болгон шүүх, арбитр, аудиттай тулж тулах болгондоо хохирч, хохирох болгондоо муу нэр дуулдаг юм.
Түлхүүр ойлголт нь: Ухаантай амла. Амласнаа биелүүл. Дурьдахгүй өнгөрч болохгүй бас нэгэн зүйл нь хэнд ч юу ч амалж, амалсанаа хийж үзээгүй хүн хэнд ч хэрэггүй “хүн” байсаар дуусдаг билээ.


Гуравдугаар зарчим: Ялгаваргүй хандах

Ялгаваргүй хандах нь ирээдүйд өөрсдийгөө эвгүй байдалд орохоос сэргийлэх ганц зөв зам юм. Учир нь хувь хүн ч байгууллага хамт олон ч хэзээд нэг янзаараа байдаггүй нь алаг хорвоогийн ёс. Мандаж байхад нь дагаж гүйгээд хүндрэлтэй байдалд ороход нь өшиглөдөг занг монголчууд эрт дээр үеэс үздэггүй байлаа. Өнөөдөр хэн нэгэнтэй ялгавартай харьцаж байгаа бол тэр нөхөр дараагийн өдөр өөртэй нь мөн тэгэж хандана гэдгийг хэн ч гэсэн бүх нүх сүвээрээ мэдэрдэг юмаа. Ухаантай бизнесменүүд өнгөнд шохоорхолгүйгээр гүнд нь орж харах гэж хичээдэг ажгуу. Ер нь монголчууд юуны төлөө хэн нь хэнийгээ ялгаварлаж ямар ашиг гаргах юм. Тэр нь хэдий хугацаанд хир үлдэцтэй байх юм бэ?


Дөрөвдүгээр зарчим: Алсыг харах

Алсыг харах чадвар бизнес хийж ашиг гаргах билгийн нүдийг өгнө. Бага чулуугаар их чулууг доргиох чадвар гэдэг нь багыг гаргаад ихийг луйвард гэсэн үг бус. Хөрөнгө оруулалт хийгээд хүч хөдөлмөрөө гаргаад бизнес хийх алсын хараатай бай л гэсэн үг. Монголчууд баруунаас гар утас худалдаж авахад маш өндөр үнэтэй мөртлөө сүлжээнд нь ороод хэрэглэгч болохоор бараг үнэгүй шахам өгчихдөг “гаж” занг нь гайхаж байсан цаг саяхан. Гэтэл тэд саалийн үнээгээ бэлтгэж хөрөнгөө оруулж байсныг бид одоо л арай гэж ойлгож эхлэх гэж байна. Хэдий тухайн зүйлийг ойлголоо ч арга технологийг нь ойлгохгүй л дээ. Ойлгодог юм аа ч гэсэн өөр зүйл дээр бүтээлчээр авч хэрэглэж чадахгүй. Чадлаа ч монголчуудынхаа эсрэг л хэрэглэнэ үү гэхээс биш гадаадынханаас мөнгө саах саалийн үнээ болгож чадахгүй. Учир нь үүнийг хийхэд алсыг харах ухаан, хамтаараа нэгдсэн зохион байгуулалтанд орж чадах ухамсар, тогтвортой хөгжүүлсээр үр шимийг нь үзэх тэвчээр дутна. Саалийн үнээгээ томорч чадаагүй байхад жижиг ашиг хараад тугал чигээр нь эд бад хийчихдэг бид өөрсдийгөө Чингисийн удам гэж дэндүү их ярьдаг нь хоногийн хоолтой байхад хэрэг болох уу?


Тавдугаар зарчим: Эрсдэлийг урьдчилан харж сурах нь

Үүнийг судалгаа, тооцоогоор хийдэг. Сэтгэлийн хөдлөлөөр түргэн түүхий эхэлсэн бизнес амжилтад хүрэх нь дэндүү эрсдэлтэй зүйл. Мэрэгжлийн хүний, ахмад туршлагатай хүний амнаас үг сонсож байж эхэлбэл бизнест эрсдэл гарах нь багасдагийг амьдрал нэгэнт нотолжээ. Гэхдээ эрсдлээс айгаад байвал хэзээ ч бизнес хийдэггүй, хийж сурдаг ч үгүй.


Зургаадугаар зарчим: Эдийн засгийн арга илүү болох нь

Эдийн засгийн үндэстэй зүйлийг үзэл суртал, захиргааны аргаар хийх гэж оролдох нь хамгийн үр дүнгүй зүйл. Хүн төрөлхтөн социализм, коммунизмыг байгуулах гэж оролдох хүртлээ туршиж үзсэн тул энэ талаар дурьдах, тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна.


Долдугаар зарчим: Ухаалаг бизнес

Аливаа бизнесийг багаараа, харилцан ойлголцлын өндөр түвшинд, үүрэг хариуцлагаа гүн ухамсарлан хийвэл бизнес нь баяр хөөр, хөгжил дэвшилийн оргил болдог аж. Бизнесийг хийхдээ динамик хөгжил хөдөлгөөнд нь, ШУ-ны, байгалийн, техникийн, технологийн, зохион байгуулалтын, эдийн засгийн нэгэнт судлагдсан хууль дүрэм, тогтоцыг зөрчилгүй ажиллах нь өөрсдийгөө туршилтын туулай болгохгүй байх нөхцөл бүрдүүлнэ.


Наймдугаар зарчим: Бие тоох нь байгууллага дээр ч байдаг өвчин

Хэрэглэгчдэд өөрийнх нь хэрэгцээнд тохирсон ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн л сонин болохоос хэн нэгний таахалзах, аль нэг байгууллагынхны давуу байдлаа бусдад тулгах нь нэн амин чухал зүйл биш. Иймэрхүү зан авир гаргагчдыг барууныхан “Бэлэн хоолоо тавагтай нь хөмрөгсөд” гэж томьёолдог. Том байгууллагаас ч авсан бай жижиг байгууллагаас ч авсан бай ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн сэтгэл ханамж л өгч байвал болох нь тэр. Дээрэлхүүлэн байж үйлчилгээг нь хүртдэг хэрэглэгч гэж юу байх вэ дээ? Тэгээд ч “Лам ганц биш, сүм ганц биш” гэж хэлээд, хэлэлцээд үйлчлүүлэгчид, хэрэглэгчид нь бөөн бөөнөөрөө дүрвээд явчихдаг аж. Дэлхий, улс үндэстэн дамнасан томчуулаас авахуулаад жижигхэн компаний ч бай удирдлага, ажилтнууд өчүүхэн жаахан бие тоох буруу алхам хийвэл хувьцаа эзэмшигчид нь модны мөчир дээрээс болжмор дэрхийн нисэх мэт алга болно. Хэрэглэгчгүй, мөнгөгүй болсон том компани нэг унахдаа дэндүү чанга унадаг, буцааж сэргээхэд ч хэцүү байдаг. Энэ үед өрсөлдөгч нар нь ёс шиг шинэ бүтээгдэүүн ажил үйлчилгээтэйгээр уг зах зээлд тоглохоор гарч ирэн дайран дээр нь давс нэмэн нам дарж цөм хашраадаг байна.


Есдүгээр зарчим: Санаачлагатай байх

Өөрсдөө санаачлагатай байх нь хамт олон өсөж дэвжихэд маш чухал үзүүлэлт. Өөрсдөө идэвх зүтгэл гаргахгүй бол бурхан ч татаж босгож чаддаггүй л билээ. Тэгээд ч хэн нэгэн бусдыг татаж босгосон бол түүнийхээ төлбөрийг нугалж л авдаг аж.


Аравдугаар зарчим: Ивээлийн дэд бүлэг

Ивээлийн бүлэг, ивээлийн хувь хүн, ивээлийн тойрон хүрээлэгчид нь хамт олон нэгдэж нягтран нэг зүгт явахад гол чөдөр саад болдог. Хөдөлмөрийн оролцоогоор нөхцөлдөөгүй давуу байдлыг ил далд ямар нэг аргаар хүртэгсдэд хамт олон хэзээ ч талархалтай хандаж байсангүй. Хамт олны дотоод харилцааны орчин зөв үүсээгүй тохиолдолд хэл ам хэрүүл тэмцэл хэзээ ч тасардаггүй. Хоорондоо бие биеэ давахад зориулагдсан тэр хайран цагийг хөгжиж дэвжихдээ зориулах нь яагаад буруу байх билээ. Хорвоод тэгш хандлагаар хандаж чаддаг удирдагч нар тун ховор хүмүүс. Гэхдээ бас мянга мянгаараа байдаг л аж.



No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү