МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
|
Төрийн ордон,
Улаанбаатар хот
|
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН
ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН тухай
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1
дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэл,
технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, үйлдвэрлэл, технологийн парк
байгуулах, түүний удирдлага, үйл ажиллагаа, хяналтын тогтолцоотой холбогдсон
харилцааг зохицуулахад оршино.
2
дугаар зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль
тогтоомж
2.1.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн
байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон
эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ
хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3
дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог
дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“үйлдвэрлэл, технологийн парк” /цаашид
“парк” гэх/ гэж үйлдвэрлэл, технологийн хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх
тусгайлсан нутаг дэвсгэр, бизнесийн таатай орчин, дэд бүтцийн хангамж бүхий,
тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан уялдсан үйлдвэрлэл, технологи,
үйлчилгээний цогцолборыг;
3.1.2.“паркийн удирдлага” гэж паркийн үйл
ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг;
3.1.3.“паркийн нэгж” паркийн нутаг дэвсгэрт
үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагыг.
4
дүгээр зүйл.Парк байгуулах зорилго
4.1.Паркийг дараахь зорилгоор байгуулна:
4.1.1.шинэ, дэвшилтэт болон өндөр технологи
дамжуулах, нэвтрүүлэх, нутагшуулах;
4.1.2.экспортын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг
болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг
дээшлүүлэх;
4.1.3.байгаль орчинд халгүй үйлдвэрлэлийг
хөгжүүлэх;
4.1.4.бүс нутгийн нийгэм, эдийн засгийн
хөгжлийг дэмжих;
4.1.5.жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл,
үйлчилгээ хөгжих орчныг бүрдүүлэх, ажлын байр бий болгох.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ПАРКИЙН ТАЛААР ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН
ӨӨРӨӨ УДИРДАХ
БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
5
дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
5.1.Улсын Их Хурал паркийн үйл ажиллагаа
эрхлэх эдийн засаг, нийгэм, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн
бодлогыг тодорхойлно.
6
дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар паркийн талаар дараахь
бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.паркийн талаар баримтлах төрийн
бодлогыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
6.1.2.паркийн үйл ажиллагааг төрөөс дэмжихэд
шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах,
гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;
6.1.3.паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
6.1.4.паркийн үйл ажиллагаанд дэмжлэг
үзүүлэх, хяналт тавих асуудлаар холбогдох дүрэм, журам, заавар баталж
мөрдүүлэх;
6.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
7
дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
7.1.Хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага”
гэх/ паркийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.паркийн тухай хууль тогтоомжийг
хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, хяналт тавих;
7.1.2.паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл
ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрлийн жагсаалтыг үйлдвэржүүлэлт,
инновацийн бодлого, орон нутгийн дэд бүтцийн хөгжил, түүхий эд, ажиллах хүчний
нөөц, зах зээлийн эрэлт, хэрэгцээг харгалзан тогтоох, шинэчлэх;
7.1.3.паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх,
хүчингүй болгох талаар санал боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлэх;
7.1.4.паркийн удирдлагатай гэрээ байгуулах,
хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих, дүгнэлт гаргах;
7.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
8
дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
8.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал паркийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.тухайн орон нутгийн хөгжлийн
төлөвлөгөө, дэд бүтцийн хөгжил, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн паркийн
нутаг дэвсгэр, байршлыг тогтоох;
8.1.2.паркийн үйл ажиллагааг дэмжих орон
нутгийн сан байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт
тавих;
8.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
9
дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
9.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга паркийн
талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.тухайн нутаг дэвсгэрт паркийн үйл
ажиллагааг дэмжих орон нутгийн хөтөлбөр батлах, түүний хэрэгжилтэд хяналт
тавих;
9.1.2.паркийн үйл ажиллагааны улмаас байгаль
орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлд хяналт тавих;
9.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
10
дугаар зүйл.Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах
10.1.Дараахь шаардлагыг хангасан хуулийн
этгээд парк байгуулах тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад
гаргана:
10.1.1.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу
байгуулагдсан байх;
10.1.2.Монгол Улсад татвар төлөгч байх;
10.1.3.паркийн хөгжлийн төлөвлөгөөг
хэрэгжүүлэх санхүү, эдийн засаг, технологи, менежментийн чадавхитай байх.
10.2.Төрийн захиргааны төв байгууллага нь
хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал боловсруулахдаа
дараахь баримт бичгийг үндэслэл болгоно:
10.2.1.паркийн техник, эдийн засгийн
үндэслэл;
10.2.2.паркийн хөгжлийн төлөвлөгөө;
10.2.3.паркийн техник, технологийн түвшингийн
үнэлгээ;
10.2.4.байгаль орчинд нөлөөлөх байдлын
үнэлгээ;
10.2.5.гэрээ байгуулах паркийн нэгжийн
жагсаалт;
10.2.6.тухайн аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал.
10.3.Засгийн газар энэ хуулийн 10.2-т заасан
тусгай зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгоно.
10.4.Тусгай зөвшөөрлийг үндэслэн төрийн
захиргааны төв байгууллага паркийн удирдлагатай гэрээ байгуулна.
10.5.Төрийн захиргааны төв байгууллага энэ
хуулийн 10.4-т заасан гэрээг жил бүр дүгнэж, Засгийн газарт танилцуулна.
10.6.Энэ хуулийн 10.3-т заасан тусгай
зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд гэрээний биелэлтийн дүнг үндэслэн
Засгийн газар тусгай зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.
11
дүгээр зүйл.Паркийн удирдлагын эрх, үүрэг
11.1.Паркийн удирдлага дараахь эрх эдэлж,
үүрэг хүлээнэ:
11.1.1.төрийн захиргааны төв байгууллагатай
гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах;
11.1.2.энэ хуулийн 10.2.5-д заасан жагсаалтад
орсон паркийн нэгжтэй техник, эдийн засгийн үндэслэл, техник, технологийн
түвшингийн үнэлгээ, холбогдох байгууллагаар гаргуулсан байгаль орчинд нөлөөлөх
байдлын үнэлгээг үндэслэн гэрээ байгуулах;
11.1.3.паркийн үйл ажиллагаанд шаардлагатай
үйлчилгээг үзүүлэх.
12
дугаар зүйл.Паркт хориглох үйл ажиллагаа
12.1.Паркт дараахь үйл ажиллагаа эрхлэхийг
хориглоно:
12.1.1.согтууруулах ундааны үйлдвэрлэл;
12.1.2.тамхины үйлдвэрлэл;
12.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодисын үйлдвэрлэл;
12.1.4.хуулиар хориглосон химийн хорт, цацраг
идэвхт бодис ашиглах үйлдвэрлэл;
12.1.5.байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий
үйл ажиллагаа;
12.1.6.хуулиар хориглосон бусад үйл
ажиллагаа.
13
дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
13.1.Эрх бүхий улсын байцаагч паркийн үйл
ажиллагаанд дараахь зөрчил илэрсэн гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд тухайн
хуулийн этгээдэд олгосон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналаа төрийн
захиргааны төв байгууллагад гаргана.
13.1.1.паркийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу
үйл ажиллагаа эрхлээгүй болон төлөвлөгөөнд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн;
13.1.2.төрөөс үзүүлсэн дэмжлэгийг зориулалтын
бусаар ашигласан;
13.1.3.гэрээнд заасан хугацаанд үйл
ажиллагаагаа эхлээгүй;
13.1.4.хууль болон гэрээнд заасан бусад
тохиолдолд.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлтийг
үндэслэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар
зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, сэргээнэ.
13.3.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасныг
зөрчсөн, эсхүл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14
дүгээр зүйлд заасан үндэслэлээр паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг
хүчингүй болгоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
14
дүгээр зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль
тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
14.1.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай
этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл эрх бүхий улсын
байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь захиргааны шийтгэлийг
ногдуулна:
14.1.1.энэ хуулийн 12.1.1-12.1.5-д заасныг
зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-50 дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг
50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
14.1.2.энэ хуулийн 13.1.1-13.1.4-т заасныг
зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ДАРГА
Д.ДЭМБЭРЭЛ
No comments:
Post a Comment