Төрийн
байгууллагын бүтээмж, түүний онцлог
1. Төрийн байгууллагын бүтээмж, түүний онцлог
2. Төрийн байгууллагад бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах арга зүй
1. Төрийн байгууллагын бүтээмж, түүний онцлог
Төрийн захиргааны тухай үзэл санаа эртний грекээс гаралтай бгөөөд түүний гол төлөөлөгч болох Платон, Аристотель нар хуульд захирагдахыг гол сургаалаа болгож байсан бол Гоббс, Бодин, Сэккон Дорф нар төрийн зорилго чиг үүргийг тодорхойлж Монотескье, Кант нар төрийн эрх мэдэл ёс зүйн асуудлыг хөндөж байв.
Сонгодог эдийн засгийн гол төлөөлөгч А.Смит төрийн үүргийг эдийн засгийн талаас нь тодорхойлсон бол Сэй менежментийн шинжлэх ухааны онолын урсгал чиглэл бүтээмж болон үр ашигт гол анхаарлаа хандуулсан байдаг.
Харин германы нэрт социологи, эрх зүйч М.Вебер төрийн үйл ажиллагаанд эрх мэдлийн хуваарилалт чухал болохыг хүлээн зөвшөөрсөн, орчин үеийн төрийн захиргааны байгууллагын нийтлэг шинж онцлогийг тодорхойлох талаар томоохон хэмжээний цэгцтэй сургаалыг боловсруулсан гэж үздэг. Судлаач Вагнер төрийн бүх үүрэг эдийн засагтай холбоотой гэж үзэн төсөв мөнгөний бодлогоор дамжуулан капитал баялгийг хуримтлуулж болохыг тус тус заажээ. Түүний дотор "Төрийн бүтээгдэхүүн" гэдэг ойлголтыг шинээр томъёолсон нь төрийн бүтээмжийн удирдлагын тухай гарсан нь анхдагч санаа байв.
Брайнт, Шойс нар төрийн захиргааны бүтээмжийн талаарх анхны цогц ойлголтыг бий болгож засгийн газар бага зардлаар ихийг хийх ёстой гэсэн үзлийг дэвшүүлсэн байна.
Орчин үед төрийн бүтээмжийн талаар дэлхийн олон орны эрдэмтэд судлаачид томоохон ном бүтээл туурвиж байгаагийн дотор төрийн бүтээмжийн үзэл санааг хөгжүүлэгч Марк Холзер төрийн бүтээмжийн удирдлагын асуудлуудад, Герг Вукерт, Даннел В Мартин нар арга зүйн хөгжилд, Хатри, Фиск, Эпстейн нар төрийн бүтээмжийн хэмжилт үнэлгээнд, Мари, Грейнберг, Гай, Габрис нар бүтээмжийг сайжруулах арга ажиллагаанд судалгаагаа чиглүүлсэн байна.
Төрийн бүтээмжийн үзэл баримтлал, үндсэн ухагдахуунууд
Төрийн захиргааны бүтээмжийн талаарх ойлголтын хандлага нь онолын үндсэн хоёр чиглэлтэй. Эхний чиглэл нь агентлагийн түвшин буюу орц-гарцын харьцааг голчлон, агентлагийн нөлөөг цухас анхаардаг бол хоёр дахь чиглэл нь үр ашгийн үзүүлэлтээс агентлагийн үр нөлөөг дээгүүр тавьдаг байна.
Төрийн байгууллагын хувьд орц(зардал), гарц(гүйцэтгэсэн ажил), үр дүн (хүрсэн түвшин) буюу орц-гарцын орчил эргэлтийг анхаарах нь зайлшгүй чухал.
Буркс: "Төрийн үйл ажиллагааны үр ашгийн стандарт нь ард иргэд, нийгмийн төлөө хийх үйл ажиллагаатай уялдан орц(гарсан зардал)-оос гарц(хүрсэн үр дүн) хүртэлх үе шатууд нь шулуун шугамаар буюу тасалдахгүйгээр үргэлжлэх зүй тогтолтой гэжээ.
Бүтээмжийн үр нөлөө, үр ашиг
Шинэчлэгдсэн байгууллага шинэ мэдлэг, чадварыг ашигласнаар бодит чадавхийг бий болгож үйл ажиллагааных нь үр ашиг, үр нөлөө байнга дээшилж байдаг.
Бүтээмжийг тодорхойлохдоо үр ашиг, үр нөлөө зэрэг гарцын үзүүлэлтүүдээс эхлээд үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, хөрөнгийн эргэлтийн хувь, ашиг таслалт болон ажилтны ёс суртахуун, үнэнч байдал, ажилдаа сэтгэл ханамжтай байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамруулан үздэг.
Бүтээмжийн талаар олон тодорхойлолт байдаг боловч тэдгээрт нийтлэг ажиглагддаг зүйл нь үр ашиг, үр нөлөөтэй холбон үздэг.
Үр ашиг- Төрийн байгууллагын үйлдвэрлэсэн буюу дамжуулсан гарцыг(бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ) тус байгууллагын хэрэглэсэн орцод (тоног төхөөрөмж, хүн хүч материал) харьцуулсан харьцааг үр ашиг гэж ойлгодог.
Үр нөлөө- байгууллагын бодит үйлчилгээ юмуу тус үйлчилгээний жинхэнэ нөлөөг заадаг. Жич: эрүүл мэндийн төвд эмчлүүлэгч тодорхой тооны хүний, эмчилгээний өртгийн судалгаа нь тус төвийн үр ашиг болох эмчлүүлсэн эмчлүүлэгч бүрийн эмчилгээний өртгийг харуулахаас бус эмчлүүлэгчийн эрүүл мэндийн сайжралтын талаархи эмчилгээний үр нөлөөг харуулж чадахгүй.
Иргэдэд үзүүлж буй төрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эцсийн зорилго нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ бус харин тэдгээр үйлчилгээний иргэдэд өгч буй бүтээгдэхүүн үйлчилгээний үр дүн байдаг тул үр нөлөө нь бүтээмжийн дүн шинжилгээнд гол байр суурийг эзэлдэг.
Байгууллагын үр нөлөөний хэмжигдэхүүн нь үзүүлсэн үйлчилгээний чанартай холбоотой. Иймд үр нөлөөний хэмжигдэхүүн нь үйлчилж буй газрын цаг барилт, хялбар дөхөм байдал, найрсаг зан, үйлчлүүлэгчидэд адил хандаж байгаа эсэх зэрэг үйлчилгээ бүр ямар байдалтай хүрсэнийг үйлчлүүлэгчдийн зүгээс үнэлж буй хандлагын судалгааг хамардаг.
Төрийн бүтээмжийн асуудал өнгөрсөн зууны эхэн үеэс судлаачдын анхаарлыг татаж ирсэн бөгөөд судлаач Бурк 1912 онд бичсэн нэгэн нийтлэлдээ үр ашиг, орц ба гарцад ач холбогдол өгснийг судлаач Упсон 1923 онд хэвлүүлсэн "Төсвийн нөгөө тал" хэмээх өгүүлэлдээ иш татан дурдаж төсвийн тоон үзүүлэлтүүдийг "үйлчилгээний нөхцөл, гүйцэтгэсэн ажил, худалдан авсан зүйлс-ээр илэрхийлнэ гэжээ. Иймд хуваарилагдсан төсвийн зохион байгуулалт нь үүрэг функц бус үйл ажиллагаа байна гэж үзсэн.
Төсвийн өөрчлөлтийг бүрдүүлэгч өөр нэг хэсэг нь төсвөөр гүйцэтгэх ёстой ажил үйлчилгээ ба худалдан авсан материаллаг зүйлсээр илэрхийлэгддэг.
Төсөвлөгдсөн ажлын хөтөлбөрийг дэмжихэд "төсөвлөгдсөн ажлын тооцоолсон нэгж өртөг ба хийгдсэн ажлын бодит нэгж өртгийг тусгасан тайлан мэдэгдэл шаардлагатай" гэж үзэн "төсвийн үзүүлэлтэд тоо хэмжээ, чанар, өртгийн бүхий л асуудлыг хамруулах боломж бүрдэх ба ийм мэдээллийг дотоод хяналт, хөндлөнгийн хяналтын (хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба олон нийт) зориулалтаар ашигласнаар төрийн үйлчилгээний үр ашгийн түвшинг хангахад туслах болно.
Ингэж төрийн бүтээмжийн тухай ойлголт нь үр дүн, үр ашиг, үр нөлөө, чанар гэсэн олон ойлголтуудыг хөндөж байгаа хэдий ч орц ба гарцад ач холбогдол өгснөөр төрийн бүтээмжийг тодорхойлж болно.
Бүтээмжийн сонгодог тодорхойлолт нь "гарц орцын" харьцааг чухалчилдаг хэдий ч төрийн бүтээмжийн хувьд эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс илүүтэй тэдгээрийн олон нийтэд үзүүлж буй үр нөлөөнд ач холбогдол өгч түүнийг татвар төлөгчдийн мөнгөөр болон хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах тухай асуудалд гол анхаарлаа хандуулах ёстой гэж үзэн төрийн захиргааны бүтээмжийг дараахи байдлаар тодорхойлж болно.
"Төрийн захиргааны бүтээмж гэдэг нь олон нийтийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг нөөцтэй уялдуулсан төрийн захиргааны үйл ажиллагааны гүйцэтгэлээр илэрхийлэгдэнэ гэж тодорхойлж болох юм. Гүйцэтгэлийн үнэлгээний цар хүрээ нь төрийн захиргааны байгууллагуудын онцлогоос шалтгаалан олон хэмжигдэхүүнийг багтааж болох боловч гол үндсэн хэмжүүрүүд болох үр дүн, үр ашиг, үр нөлөө, чанарыг багтаах замаар төрийн бүтээмжийн удирдлагыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Төрийн байгууллагад бүтээмжийг дээшлүүлэхэд дараах бэрхшээл тохиолддог.
Үүнд:
1. Төсвийн байгууллагад бүтээмж дээшлүүлэх нь урамшил багатай.
2. Хууль тогтоогчид санхүүгийн бодит байдлаас илүүтэйгээр улс төрийн нөхцөл байдлыг ихэнх тохиолдолд авч үздэг.Бизнесийн байгууллагын удирдлага нь үйл ажиллагааныхаа санхүүгийн нөлөөг сонирхдог бол захиргааны байгууллагын удирдлагууд өөрийн шйидвэрийнхээ улс төрийн хариу үйлдэл, үр дагаврыг илүүтэй үздэг.
Сонгуультнууд сонгогчдынхоо дэмжлэгийг авахын тулд тэдэнд зориулж арай илүү төсөв мөнгө хуваарилуулж авах сонирхолтой, бүтээмжийг сайжруулахад шаардагдах цаг мөнгө, дэмжлэгийн урт хугацааны хөрөнгө оруулалтаас богино хугацааны, улс төрийн хувьд тааламжтай ашигтай нөхцөлийг илүү анхаардаг.
3. Засгийн газрын шугаман төсөв. Энэ нь боловсон хүчин, тоног төхөөрөмж, хангамж зэрэг зардлын өргөн хүрээтэй жагсаадаг. Үйлчилгээ үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй хөрөнгө оруулалт, эх сурвалж болон гаралтад анхаарахыг үйлчилгээнээс үзүүлэх үр нөлөөг тэр бүр авч үздэггүй.
4. Төсвийн байгууллагын зорилгын онцлогтой холбоотой
Жич: цагдаа- нийтийн аюулгүй байдлыг сайжруулах, эрүүл мэнд-нийтийн эрүүл мэндийг сайжруулах зэргээр өргөн цар хүрээтэй бүрхэг зорилттой байдаг. Ийм зорилт олон талт арга хэмжээг шаарддаг ч бүхэлд нь дүгнэхэд алдаа гардаг. Өөрөөр хэлбэл тоолж болох элементүүдэд илүү анхаарах гэх мэт. ( хог )
5. Ажлын гүйцэтгэлийг хэмждэг олон үзүүлэлт нь тодорхой зарим албан хаагчдын ажлыг үнэлж дүгнэхэд тохиромжгүй байдаг. Жишээ нь: гэмт хэрэг тайлагнах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн хүч чармайлтын үр нөлөөг хэмжих үзүүлэлт болж болно. Тодорхой 1 цагдаагийн ажилтныг ажлын гүйцэтгэлтэй холбох нь төвөгтэй.
Төсвийн салбар дахь үр нөлөөг харуулсан үзүүлэлт нь үйлчилгээг үр нөлөөтэй эсэхийг харуулдагч тэрхүү ажил үйлчилгээ нь яагаад үр нөлөөтэй юмуу үр нөлөөгүй гэдгийг тайлбарлаж чадахгүй. Зүй нь яагаад гэдгийг мэдэж байх нь бүтээмжийг нэмэгдүүлэх гол түлхүүр юм.
6. Олонхи төрийн байгууллагуудад өөрсдийн бүтээмжээ хэмжих, задлан шинжлэх чадавхи дутагдалтай байдаг. Тухайлбал орон нутгийн төрийн байгууллагууд:
- Мэдээллийг зөв цуглуулах
- Орчин үеийн техник ашиглан боловсруулах
- Түүнд шинжилгээ хийх
- Үнэлэлт дүгнэлт гаргах
- Шаардлагатай хэмжүүрүүдийг олж тогтоох боловсон хүчнээр дутагдалтай байдаг.
Мөн удирдлагуудын хувьд ч санал болгож байгаа чиглэл, дэвшүүлж байгаа шалгуур үзүүлэлт нөхцөл боломжуудын давуу, сул талыг судлан сонголт хийх чадвар сул байдаг.
7. Нэгдсэн мэдээллийн сан байдаггүй.
8. Төрийн байгууллага, албан хаагчдын тавьсан зорилгын хэрэгжилт, ажлын гүйцэтгэлийг үнэлэх тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хэрэглэх нь зайлшгүй. Үүний улмаас ажил үйлчилгээний үр ашиг, үр нөлөөний тухай ерөнхий субъекттэй ярихаас өөр аргагүйд хүрдэг.
2. Төрийн байгууллагад бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр
боловсруулах арга зүй
Бүтээмжийн удирдлагын бүхий л үе шатыг хамарсан бүтээмж дээшлүүлэх хөтөлбөрийг дараах үе шатуудаар боловсруулна.
1. Бэлтгэл үе
2. Байгууллагын гадаад, дотоод орчны шинжилгээ
3. Бүтээмжийн хэмжилт
4. Бүтээмжийн шинжилгээ
5. Стратеги төлөвлөгөө боловсруулна
6. Арга хэмжээний төлөвлөгөө боловсруулна
7. Иж бүрэн хөтөлбөр боловсруулна
8. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулна.
9. Хяналт, үр дүнгийн талаархи мэдээллийг гаргана.
Байгууллагын гадаад,дотоод орчин
Аливаа байгууллагад бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр боловсруулахдаа юун түрүүнд тухайн байгууллагынхаа талаарх бүхий л мэдээллүүдийг цуглуулах хэрэгтэй байх ба үүний эхлэл нь байгууллагын орчны шинжилгээ байна.
Байгууллагын орчин
Байгууллагын оршин тогтнохын үндэс бол түүний орчин юм. Тиймээс аливаа байгууллагын явуулж буй үйл ажиллагаа болоод байгууллагын оршин тогтнох үндсийг тодорхой нөхцөл байдал, орчингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тухайн байгууллагын үйл ажиллагаанд янз бүрээр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг байгууллагын орчин гэнэ. Өөрөөр хэлбэл: Байгууллага амжилттай ажиллах, орших, эс оршиход нөлөө үзүүлж байдаг хүчин зүйлсийн нэгдэл, тэдгээрийн харилцаа холбооны шүтэлцээг орчин хэмээн нэрлэдэг. Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг нөлөөлөх байдлаар нь:
1. Шууд нөлөөлөх хүчин зүйлс
2. Шууд бус нөлөөлөх хүчин зүйлс
хэмээн ангилдаг байна.
Тэгвэл тэрхүү байгууллагуудын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг хүчин зүйлсийг байгууллагын дотоод орчин. Харин дам нөлөөлдөг хүчин зүйлсийг байгууллагын гадаад орчин гэнэ.
Тэгэхээр байгууллага өөрийн гадаад ба дотоод орчны уялдааг танин мэдэхгүйгээр аливаа өөрчлөлтийг амжилттай даван туулж чадахгүйд хүрэх юм.
Байгууллага нь үйл ажиллагаагаа явуулж эхлэхийн өмнө орчны хүчин зүйлүүд ажлынх нь үр дүнд эерэгээр эсвэл сөргөөр нөлөөлж байгааг тогтоох шаардлагатай. Иймээс ямар ч байгууллага байлаа гэсэн юуны өмнө орчны нөхцөл байдлаа судлаж үзсэний үндсэн дээр үйл ажиллагаагаа оновчтойгоор уялдуулан зохион байгуулах нь чухал юм.
Хүмүүс ихэвчлэн байгууллага дотор албан хаагч, менежерүүд, тоног төхөөрөмж, дэг журам зэрэг байгууллагын бүрэлдэхүүнийг бий болгоход оролцдог элементүүд ба үйл ажиллагаагаар байгууллагыг төсөөлдөг. Гэвч ийм төсөөлөл нь хязгаарлагдмал юм. Байгууллагын бүтэн дүр зургийг харая гэвэл түүний бүтэц, үйл ажиллагаагаа гүйцэтгэхэд шууд нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийг дотоод орчны, шууд бус нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийг гадаад орчин гээд, мөн гадаад орчны хүчин зүйлийн нөлөөллийг дотор нь макро буюу ерөнхий орчин, микро буюу тусгай орчин хэмээн ангилж болно.
Янз бүрийн түвшинд шууд ба шууд бус хүчин зүйлүүд урьдчилан харах ба хянах боломжгүй болдог. Эдгээр нь үйлчлэлийн хувьд зарим үед маш хүчтэй байдаг ба байгууллагын гүйцэтгэл цаашид оршин тогтнох байдалд байнга нөлөөлдөг. Байгууллагаа амжилттай ажиллуулахын тулд тухайн байгууллагын менежерүүд нь эдгээр гадаад, дотоод орчны хүчин зүйлүүдийн нөлөөллийг сайтар танин мэдэрч, тэдний хоорондын хамаарлыг ойлгож байгууллагад тэдний зүгээс үзүүлэх бодит болон потенциал нөлөөллийг аль болох ойлгох ёстой. Үүнийхээ үндсэн дээр байгууллагын менежерүүд нь өөрийн байгууллагынхаа орчны хүчин зүйлүүдийн байгууллагад үзүүлэх сөрөг нөлөөллийг аль болохоор бага, харин тааламжтай нөлөөллийг нь аль болохоор их байлгахаар байгууллагаа удирдан ажиллавал зохино.
Байгууллагын Дотоод орчин, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс
Байгууллагын дотоод орчин гэдэг нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд шууд бусаар нөлөөлдөг хүчин зүйдүүдийг хэлнэ.
Байгууллагын дотоод орчинд дараах хүчин зүйлсүүд ордог байна:
• Зорилгын систем
• Удирдлагын бүтэц
• Ажиллах хүч
• Технологи
зэрэг нь хамаардаг байна.
1. Байгууллагын зорилгын систем гэдэг нь: Байгууллагын эрхэм зорилго болон зорилго, зорилтуудын нэгдлийг байгууллагын зорилгын систем гэнэ.
Эрхэм зорилго гэдэг нь: Тухайн байгууллагын эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлс ба соёлын өв юм.
Өөрөөр хэлбэл эрхэм зорилго нь байгууллагын өнгөрсөн, одоо, ирээдүйн үеийг хамран тодорхойлдог. Түүнчлэн эрхэм зорилго нь байгууллагын оршин буйн утга учир, учир шалтгааныг илэрхийлсэн үнэт зүйлс болоод соёлын өв юм. Энгийнээр бол эрхэм зорилго нь тухайн байгууллагын хүрэх ёстой, хүрэхийг хүсэмжилж буй алс хэтийн ноён нурууг эрхэм зорилго хэмээн ойлгож болох юм.
Зорилго гэдэг нь: Эрхэм зорилгын бүрэлдэхүүн хэсэг, түүнд хүрэх зам буюу хүсэн хүлээсэн эцсийн үр дүн юм. Точвоор хэлбэл: байгууллагын хүрэхээр тэмүүлж буй эцсийн үр дүн юм.
Зорилго нь тоон утга авдаггүй бөгөөд тодорхой зорилтууд болж задарсанаар тоогоор илэрхийлэгдэнэ.
Зорилт гэдэг нь: Зорилгыг тодорхой үйл ажиллагаа болгон тоогоор илэрхийлж, хугацаатай, хариуцах эзэнтэй болгосныг зорилт гэнэ. Өөрөөр хэлбэл Байгууллагын эрхэм зорилго, үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тодорхой хугацаанд тогтоосон, хийж гүйцэтгэх ажил бүхий алхмууд юм .
Зорилт нь:
- Хэрэгжүүлж болохуйц бодитой байх,
- Хэмжигдэхүйц байх,
- Цаг хугацаатай байх,
- Биелэгдэхүйц байх
- Тодорхой ойлгомжтой энгийн байх
гэх мэт шинжүүдтэй байна.
Зорилгын системийг удирдлагын үйл ажиллагааны цөм болох үүднээс нь нэг талаас удирдагч нөгөө талаас ажиллагсдын аль аль нь сайтар мэдэж гүйцэтгэлийг нь ханган ажиллах ёстой юм.
2. Удирдлагын бүтэц. Байгууллага нь өөрийн зорилгын системээ хэрэгжүүлэхэд удирдлагын үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ утгаараа удирдлага нь байгууллагын хувьд олон талын ач холбогдолтой байдаг билээ. Үүнд:
a) Нэгдмэл нэг зорилгод төвлөрүүлдэг
b) Зөрчилдөөнтэй олон хувилбарт сонголтууд буюу хүсэл сонирхлуудыг нэгтгэдэг.
c) Үр ашиг үр дүнд хүргэдэг
d) Зах зээлд удаан хугацаанд оршин тогтнох, амьдрах, үйл ажиллагаагаа явуулах боломж олгодог
3. Хүний нөөц. Байгууллагын ажлын амжилтын 90% ажиллах хүчнээс, үлдсэн 10% нь бусад хүчин зүйлээс хамаарч байдаг гэж үздэг. Аливаа байгууллагын амжилтын үндэс нь чадварлаг хүний нөөцтэй байхад оршино. Нөгөө талаас хэдийгээр чадварлаг сайн хүний нөөцтэй байсан ч удирдлагын бодлого шийдвэр саармагжих тусам авъяас чадвартай ажилчдын ур чадвар суларч эхэлдэг байна. Иймээс хүний нөөцийн менежментийн оновчтой бодлого чухал байдаг. Тухайлбал ажилтан ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор хүний нөөцийн сонголт, төлөвлөлт, сургалт хөгжилд зоригтойгоор шинэчлэл хийх шаардлагатай болдог.
4. Технологи. Байгууллагын дотоод орчныг тодорхойлогч хүчин зүйлийн нэг бол технологи юм. Технологи гэдэг нь ажиллах хүн хүчнээс бусад бүх нөөцүүдийг гарц болгон хувиргах үйл явц юм. Өөрөөр хэлбэл байгууллагын бүх төрлийн нөөц болох түүхий эд, материал, мэдлэг мэдээлэл, хөрөнгө, техник, менежмент зэрэг хүчин зүйлүүдийг бүтээгдэхүүн үйлчилгээ болгож хувиргах арга замыг технологи хэмээн тодорхойлж болох юм.
Байгууллагын Гадаад орчин, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс
Байгууллагын гадаад орчин гэдэг нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд шууд бусаар нөлөөлдөг хүчин зүйлүүдийг хэлдэг. Тэгвэл тухайн байгууллагад шууд бус нөлөөлөх хүчин зүйл буюу гадаад орчинг дотор нь:
1. Макро орчин
2. Микро орчин
гэж хоёр ангилдаг.
Шууд бус нөлөөллийн Микро орчны хүчин зүйлүүдэд:
• Хэрэглэгч
• Нийлүүлэгч
• Өрсөлдөгчид
• Түнш ба Зохицуулагч
зэргийг хамруулдаг.
Харин Шууд бус нөлөөллийн Макро орчинд:
1. Засгийн газар
2. Нийгэм соёлын хүчин зүйлс
3. Технологи
4. Эдийн засгийн хүчин зүйл
5. Хууль зүйн хүчин зүйл
6. Олон улсын гэрээ
7. Хүн ам зүйн хүчин зүйл
зэрэг хүчин зүйлүүд ордог байна.
Байгууллагын макро орчин
1. Засгийн газар буюу улс төр. Аливаа улс орны засгийн газар нь улс орны нийт эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийг хөгжүүлэхэд бизнесийн бүхий л байгууллагын үйл ажиллагааны өсөлт, амжилтыг шийдвэрлэж байдаг. Тийм учраас байгууллагын үйл ажиллагааг эдийн засаг-нийгмийн хөгжилтэй уялдуулахад тус улсын парламент, засгийн газар онцгой анхаарч, бодлогоор мөн хуулиар дамжуулан хэрэгжүүлж байдаг. Эдгээр хуулиуд нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, нийгэм ба бизнесийн үр дүнтэй хамтын ажиллагааг хангах нөхцлийг бий болгоход чиглэгдэнэ. Харин засгийн газраас авч байгаа хязгаарлах арга хэмжээ нь бизнесийн тодорхой үйл ажиллагааны хууль бус үйлдлийг таслан зогсооход нөлөөлдөг.
2. Олон улсын байдал. Ихэнх байгууллагын хувьд гадаад орчин нь улсынхаа хил хязгаарын хүрээнд байдаг. Гэвч даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд дэлхийн олон оронд борлуулалтын салбар болон үйлдвэрлэлийн нэгжтэй үндэстэн дамнасан корпорациуд ажиллаж байна. Эдгээр корпорациуд нь орон бүрт өөрийн гэсэн өвөрмөц стратегийг баримталдаг. Бизнесийн байгууллага оновчтой стратеги сонгож үр бүтээлтэй ажиллахын тулд улс орон бүрийн бизнесийн орчныг сайтар судлах шаардлагатай. Тухайлбал үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрийнхээ хууль эрх зүйн орчин, эдийн засаг, улс төрийн байдал зэрэгт сайтар судалгаа хийж, нийгэм-соёлын амьдралд нь зохицох шаардлагатай. Байгууллага энэ бүх төвөгтэй орчинд оновчтой шийдвэр гаргаж, стратегиа зөв тодорхойлж байж сая амжилтанд хүрэх боломжтой.
3. Эдийн засгийн байдал. Дам нөлөөллийн нэг гол хүчин зүйл бол эдийн засгийн байдал юм. Үүнд: Үнийн өсөлтийн түвшин, үндэсний нийт бүтээгдэхүүн, ажилгүйдлийн түвшин, валютын ханш, зээлийн хүү, улсын төсөв ба худалдааны алдагдал гэх мэт хүчин зүйлүүд байгууллагын үйл ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлдэг. Аливаа байгууллагын удирдлага нийт үйлдвэрлэлд нөлөөлж байгаа эдийн засгийнхаа байдалд дүгнэлт хийхгүйгээр амжилттай үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Тийм ч учраас аливаа үйл ажиллагаа явуулахдаа тухайн орны болон олон улсын эдийн засгийн байдлыг дотоод орчинтой харилцан уялдаатайгаар судлах шаардлагатай.
4. Технологи. Технологи нь нэг талаас байгууллагын дотоод орчныг тодорхойлж байдаг бол нөгөө талаас нь бас байгууллагын гадаад, дам нөлөөллийн орчныг тодорхойлогч хүчин зүйл болдог. Өнөөдөр хэрэглэгчид "Хаана үйлдвэрлэгдсэн бэ?" гэдгээс илүүтэйгээр "Ямар технологиор үйлдвэрлэгдсэн бэ?" гэдгийг харгалзаж бүтээгдэхүүний сонголтыг хийх болсон. Ер нь технологийн хөгжлийг дагаад шинэ орчин, шинэ бүтээгдэхүүн, шинэ чадвар бий болдог бөгөөд ажилчдыг ч шинэчлэн хөгжүүлэх боломж бүрдэнэ. Тийм учраас аливаа байгууллага шийдвэр гаргаж, бодлого боловсруулахдаа технологийн хүчин зүйлийг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй юм.
5. Нийгэм ба соёлын хүчин зүйл.
Байгууллагын үйл ажиллагаанд нийгэм соёлын хүчин зүйл байнга нөлөөлж байдаг. Тийм ч учраас нийгэм-соёлын хүчин зүйлийг харгалзан түүнд зохицох шаардлагатай. Ер нь соёл гэж аливаа тулгамдсан бэрхшээлийг давж, зорилтоо шийдвэрлэхэд боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спорт, оюун санаа, амьдралын бүхий л ололт, амжилтыг ашиглах чадвар юм. Соёл ба нийгмийн хүчин зүйлүүд гэвэл манай нийгэм дэхь өөрчлөлтүүд бөгөөд байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтэнд чухал нөлөө үзүүлнэ.
6. Хууль зүйн хүчин зүйл
Ямарч байгууллага, хувь хүний тухайд тодорхой нийгэмд оршин тогтнож л байгаа л бол тэдгэрийн бүхий л үйл ажиллагаа нь хуулийн дор явагддаг учиртай. Ялангуяа албан ёсны байгууллагуудын тухайд хуульд заавал захирагдах шинжтэй байдаг. Тэгэж байж хуулийн этгээд гэгдэх ба тухайн байгууллага нь хуулийн этгээд болсноороо үйл ажиллагаагаа явуулах, нийгэмд үйлчилгээ үзүүлэх боломж той болдог байна. Уг Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага нь ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг болхоосоо үл хамааран Монгол улсын үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг үйл ажиллагаандаа зайлшгүй даган мөрдөж ажиллах шаардлагатай юм.
7. Хүн ам зүйн хүчин зүйл.
Хүн ам зүй, хүн ам зүйн үзүүлэлтүүд байгууллагын хөгжилд чухал ач холбогдолтой. Ажлын хамт олон, байгууллага, улс орон, нийгэм нь тэдгээрийг бүрдүүлж байгаа гишүүдийн нас, хүйс, гэр бүлийн байдал, орлого, боловсрол мэргэжлийн зэрэглэлээр тодорхойлогддог. Компани гэхэд л стратегиа сайтар тооцох шаардлагатай. Байгууллагын стратеги төлөвлөгөө нь ажилтныг хөлслөх, сургах, идэвхижүүлэх, компаний эрхэм зорилгод хүрэхэд шаардлагатай дэг журам, ур чадварыг бий болгоход чиглэгддэг. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нь хүн ам зүйн үзүүлэлтүүдээс ихээхэн хамаардаг. Гэр бүлийн байдал, амьдралын хэв маяг, орлого, нас, хүйс, сонирхол бүгд л бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтэд хүчтэй нөлөөлнө.
Байгууллагын микро орчин
1. Зохицуулагч. Зохицуулагчид гэдэг нь байгууллагад шууд бус нөлөө үзүүлж байдаг гадаад хүчин зүйл юм. Үүнд: Засгийн газрын тусгай байгууллагууд, тухайлбал, төрийн өмчийн хороо, төрийн хянан шалгах хороо, стандарт хэмжил зүйн төв, эрүүл ахуй халдвар судлалын төв зэрэг байгууллагуудыг нэрлэж болно. Эдгээр байгууллагуудаас гаргаж байгаа аливаа шийдвэр нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлж байдаг учраас аливаа байгууллага явуулах үйл ажиллагаагаа эдгээр байгууллагуудын шийдвэрт зохицуулах шаардлагатай.
2. Нийлүүлэгч. Нийлүүлэгчид байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлнэ. Аливаа байгууллага нийлүүлэгчдээс түүхий эд материал авч, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгож хувиргаж байдаг. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлэхийн тулд тухайн байгууллагыг чанартай түүхий эд материалаар өөрөөр хэлбэл орцоор хангаж байх найдвартай нийлүүлэгчидтэй харилцаа тогтоох шаардлагтай. Нэрт судлаач Петр Дранкерын аливаа байгууллага борлуулалтад нэг их хүч гаргахгүйгээр бүтээгдэхүүн өөрөө аяндаа борлогдож байхаар түншээ таних нь чухал юмаа гэж хэлсэнчлэн түүхий эд материалаа тогтмол чанартай тасралтгүй нийлүүлдэг байнгын найдвартай бэлтгэн нийлүүлэгчтэй байх нь багагүй зардал, цаг хугацааг хэмнэх боломжийг олгодог.
3. Хэрэглэгчид. Хэрэглэгчид бол байгууллагын оршин тогтох үндсэн нөхцөл нь болж байдаг. Өөрөөр хэлбэл байгууллага өөрийн гэсэн хэрэглэгчдийн тодорхой зорилтод зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэглэгчдийн зан төлөв байнга өөрчлөгдөж байдаг учраас хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг үргэлж судлан, түүндээ тохирсон үйл ажиллагаа явуулахыг шаарддаг. Аливаа байгууллагын нөөц хязгаарлагдмал байдаг, харин хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хязгааргүй, хувьсан өөрчлөгдөх шинжтэй байдаг.
4. Өрсөлдөгчид. Байгууллага зах зээл дээр олон тооны өрсөлдөгчидтэй зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж байдаг бөгөөд зах зээлээ алдахгүй, өрсөлдөөнд тодорхой байр суурь олж авахын тулд зөв менежменттэй ажиллах нь илүү ач холбогдолтой. Байгууллага нь зах зээлд удаан оршин тогтнохын тулд өрсөлдөгчөө байнга судалж тэдний сул талыг өөрсдийн давуу тал болгон ашиглах нь чухал юм.
No comments:
Post a Comment