Хуудасууд

Monday, August 19, 2013

Жижиг дунд үйлдвэрийн бизнесийн орчин


Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн Газраас хүн бүрийг ажил хөдөлмөртэй, орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй, шинэлэг бодлогыг авч хэрэгжүүлж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, ажил олгогчдод аж ахуйгаа эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, зээлийн хөнгөлөлттэй эх үүсвэрээр хангахад улсын төсвөөс багагүй хөрөнгийн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн байна.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар улсын төсвөөс 2009 онд 30,8 тэрбум төгрөгийн, 2010 онд 29,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 2011 онд Монгол Улсын Засгийн газар 280,0 тэрбум төгрөгийн бонд гарган зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж санхүүжүүлсэн байна. 2011 онд шинээр гаргасан бондоос 150,0 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд,  130,0 тэрбум төгрөгийг ноос, ноолуурын үйлдвэрийг дэмжихэд зориулан тус тус зарцуулсан байна.
2011 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвүүд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2009-2010 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, нэгдсэн дүгнэлт гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан юм.
2009-2010 онд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт нийт 86,7 тэрбум төгрөг төвлөрүүлсний дотор 69,7 хувь буюу 60,4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 25,2 хувь буюу 21,9 тэрбум төгрөгийг арилжааны банкны оролцоогоор, 4,1 хувь буюу 3,5 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөс, 1,0 хувь буюу 896,0 сая төгрөгийг орон нутгийн төсвийн оролцоогоор тус тус бүрдүүлжээ. Нийт зээлийн эх үүсвэрийн ашиглалт 2009 онд 92,1 хувь, 2010 онд 91,3  хувьтай байна.
2009-2010 онд нийт олгосон зээлийн 60,5 хувь буюу 48,1 тэрбум төгрөгийг орон нутгийн төслийн зээлд, 38,6 хувь буюу 30,7 тэрбум төгрөгийг бүс нутгийн эдийн засгийн хөгжилд нэмэр болох төслийн зээлд, 0,9 хувь буюу 733,7 сая төгрөгийг санхүүгийн лизингийн зээлд тус тус зарцуулсан нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг шинээр бий болгоход ихээхэн дэмжлэг болсон байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор санг бүрдүүлж буй хөрөнгийн бүрдүүлэлтийн байдалд хяналт шалгалт хийж, хөдөлмөр эрхлэлтийн санд аж ахуйн нэгж, байгууллагаас ажлын байрны төлбөр бүрэн төвлөрүүлээгүй зөрчил илрүүлэн Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 111 дүгээр зүйл, түүнтэй нийцүүлэн гаргасан Засгийн Газрын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангуулах, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил туслалцаа, арга зүйн зөвлөгөө өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор хяналт шалгалтыг  хийсэн юм.
Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийн сангаас жижиг дунд бизнес эрхэлж байгаа ажил олгогчдыг дэмжих, зээл олгох асуудлыг шийдэхэд төвлөрүүлж буй хөрөнгө нь та бүхэнд үйл ажиллагаа явуулахад тус дөхөм болсон бизнесийн орчинг бүрдүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ юм.
Жижиг дунд үйлдвэрийн бизнесийн орчинг бүрдүүлэхэд энэ тэргүүний хийх ажил бол бүтээгдэхүүнийг бий болгодог ажилтны аюулгүй ажиллагаа, үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа ажлын орчин, техник тоног төхөөрөмжийн аюулгүй байдал юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтын дүнгээс үзэхэд дараах асуудалд анхаарал төвлөрүүлж ажиллах шаардлагатай байна. Үүнд:
1. 2009-2010 онд төсөл сонгон шалгаруулах комисс болон дэд комисс нь аж ахуйн нэгж, иргэнээс 1918 төсөл хүлээн авч, 1597 төслийг дэмжин арилжааны банкуудад хүргүүлсэнээс банк нь 30,0 хувь буюу 476 төслийг дэмжин, 70,0 хувь буюу 1121 төслийг буцаасан байна. Иргэд аж ахуйн нэгжийн төсөл буцаагдсан нь зээл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн төслийн үйл ажиллагаа тогтворгүй, барьцаа хөрөнгө хангалтгүй, зээл, зээлийн хүүг бүрэн төлөх чадваргүй, зээлээр худалдаж авах тоног төхөөрөмжийн судалгаа байхгүй, бусад банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн болон татварын өртэй, үйл ажиллагааны талаарх мэдээллийг худал ирүүлсэн, арилжааны банкуудад чанаргүй зээлийн түүхтэй, шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлж өгөөгүй зэрэг асуудлууд голлох шалтгаан болж байна.
Мөн арилжааны банкууд зээлийн барьцааны хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд хүссэн зээлийг олгоогүйгээс болж техник тоног төхөөрөмжийн шинэчлэлээ бүрэн хийж чаддаггүй, ажлын байраа өргөжүүлж, засвар үйлчилгээ хийхээр төлөвлөсөн ажлуудаа зогсооход хүрдэг бэрхшээл ч тулгардаг байна. Нөгөө талаар банк санхүүгийн байгууллага биет бус хөрөнгө, эрх, оюуны өмчийг үнэлж зээлийн барьцаанд тооцох талаарч санаачлагатай ажиллахгүй байна.
Иймд төсөл сонгон шалгаруулах комисс болон дэд комисс нь тухайн жилд дэмжих салбар чиглэлээ тодорхойлж олон нийтэд ил тод зарлах, төсөл шалгаруулах ажлыг урсгал байдлаар зохион байгуулж байгаа дутагдлыг арилгах,  хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хүссэн төслүүдийг хүлээн авах хугацаа болон хөнгөлөлттэй зээлийн явцыг тухай бүр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлж байх, дэмжигдээгүй төслийн шалгараагүй шалтгаан үндэслэлийг зээл хүсэгчдэд албан бичгээр хариу мэдэгдэх, мөн иргэдийг төсөл бичих болон аж ахуй эрхлэх анхан болон дунд шатны сургалтыг үе шаттай зохион байгуулах шаардлагатай байна.
2. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим аж ахуйн нэгж болон иргэд зээлийг бичсэн төслийн зориулалтаар ашиглаагүй, зээл авснаас хойш одоо болтол үйл ажиллагаа явуулаагүй, эргэлтийн хөрөнгө дутагдсан эх үүсвэрээ нөхөх байдлаар зээлийг 2-3 сарын хугацаанд түр зуур ашиглаад буцааж төлдөг, зарим аймагт төсөл хэрэгжүүлэгч банк нь дэд комиссоос дэмжигдээгүй төсөлд зээл олгосон зэрэг зөрчил дутагдал гаргасан байна. Шалгалтаар 2009-2010 онд төслийн зээл авсан аж ахуйн нэгж байгууллага авсан зээлээ гэрээнд заасны дагуу зарцуулдаггүй, эргэлтийн хөрөнгийн дутагдсан эх үүсвэрээ нөхөх байдлаар түр зуур ашиглаад буцааж төлдөг зэрэгт 1685,7 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна.
Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг нарийн дүгнэж зээл төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, зээлийг зориулалтын бусаар ашигласан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийг эргүүлэн татах, эргэн төлөлтийн эх үүсвэрийг олгох нөхцөл, банкинд хүлээлгэх хариуцлагыг гэрээнд тодорхой тусгах, бүс нутгийн шинжтэй томоохон төслийг шалгаруулахдаа аймаг орон нутгийн саналыг харгалзан үзэх  шалгуур үзүүлэлтэнд оруулах арга хэмжээ авах нь зүйтэй байна.
3. Үйлдвэр худалдааны сайдын /хуучнаар/ 2008 оны 10, 158, 222 дугаар тушаалуудаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Завхан, Дархан-Уул аймгуудад “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”-үүдийг улсын төсөвт үйлдвэрийн газрын статустайгаар байгуулагдсан байна.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүдийг Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу байгуулаагүйгээс хөрөнгө, санхүүжилт дутагдаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүйгээс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг зах зээлд бие даан ажиллах чадвартай аж ахуйн нэгж болгон төлөвшүүлэх, тэдний үйл ажиллагаа, үйлдвэр үйлчилгээгээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж чадахгүй байна.Цаашид төвүүдийг хуулийн дагуу байгуулж, хөрөнгө санхүүжилтээр дэмжиж, өргөжүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн Жижиг, дунд үйлдвэрийн бизнес инкубацийг дэмжих үйлчилгээ болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан сургалтын зардлыг санхүүжүүлэх журмыг боловсруулан Засгийн газраар батлуулж мөрдүүлэх хэрэгтэй байна.
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал бол бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нэн чухал шалгуур болохыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид онцгой анхаарах шаардлагатай байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалтай холбоотой зөрчлийг гаргуулахгүй байх үүднээс хууль тогтоомжийг сурталчлах, ажил олгогч, ажилтан нарт сургалт явуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаас гадна бизнес эрхэлж байгаа байгууллага, иргэд хэрхэн аюулгүй ажиллагааны дотоодын хяналтыг тогтмолжуулж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлаа засч арилгах явдал юу юунаас чухал байна. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн ажлын орчинд хэмжилт судалгаа хийж  орчноо хэрхэн сайжруулах, ямар арга хэмжээ авах талаар бодит дүгнэлтийг гаргаж өгч байхаас гадна осол эндэгдэлгүй ажиллах нэг чухал нөхцөл болсон хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлж хамтран ажиллах болно.
5. Улс орны үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь хүн амыг чанартай, аюулгүй, хүртээмжтэй хүнсээр хангах асуудал билээ.
Өнгөрсөн онд Дархан-Уул, Сүхбаатар, Увс, Архангай, Баян-Өлгий, Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Өвөрхангай аймгууд 21 бөөний төвийг шинээр ашиглалтанд оруулснаар үйлчилгээний хүрээ өргөжиж, бараа бүтээгдэхүүний чанарт ахиц гарсан байна.
Гэвч ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэсэн мах, сүүг зориулалтын бус тээврийн хэрэгсэл, сав суулга ашиглан, олон шат дамжлагатайгаар төв суурин газрын хүн амын хэрэгцээнд нийлүүлэх явдал  буурахгүй байна.
Улсын хэмжээгээр жилд дунджаар 7.8 сая мал хүнсэнд хэрэглэж, 230 орчим мянган тонн мах бэлтгэн зах зээлд нийлүүлж байгаа боловч нийт махны 90,0 гаруй хувийг уламжлалт хээрийн нядалгааны аргаар бэлтгэн, зориулалтын бус агуулахад хадгалж, ил задгай нөхцөлд тээвэрлэн, олон шат дамжлага бүхий худалдаачдын гар дамжуулан хамгийн эрсдэлтэй хэлбэрээр нийлүүлсээр байна.
Орон нутагт ажиллаж байгаа хүнсний жижиг дунд үйлдвэрийн  30,6 хувь нь цехийн барилга байгууламж, усан хангамж, эрүүл ахуйн бүс, гадна орчны  тохижилтгүй, 30,4 хувь нь  үйлдвэрлэлийн ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэн ажиллаагүй, 53.1 хувь нь угаалга, цэвэрлэгээ,  халдваргүйтгэл хийгдэггүй,  45,5 хувь нь бүтээгдэхүүний технологийн  мөрдөлтийг баримталдаггүй, үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй түүхий эд, хүнсний нэмэлт,  сав баглаа боодлын  материалын  чанар,  аюулгүй байдлыг хангаагүй байна.
Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Завхан, Төв, Сүхбаатар,  Ховд, Увс, Хөвсгөл аймгууд, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа  архи, согтууруулах ундааны 33, цэвэр усны 11, ундаа, жүүс, квасны 11, чацарганы тос, нөөшилсөн  ногооны 4, талх нарийн боов, үйлдвэрлэдэг  329 үйлдвэр, цехүүдийг шалгалтанд хамруулахад шалгалтанд хамрагдсан аж ахуйн үйлдвэр, цехүүдийн 35,6 хувь нь технологи үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, аюулгүйн шаардлага хангаагүй байна.
Цаашид орон нутагт хүнсний чиглэлийн жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд  дараах асуудалд анхаарч ажиллах нь зүйтэй байна
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулахдаа ажлын байрны болон ажиллагсдын  ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл хангасан байдал, түүхий эд материалын баталгаажилт, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим зэргийг харгалзан  дэмжлэг үзүүлэхэд анхаарах нь зүйтэй байна.
Мал нядалгааны газар болон хүнсний захуудын дэргэдэх мал эмнэлэг ариун цэврийн лабораториудад  мах, дайвар бүтээгдэхүүнүүдэд түргэвчилсэн тестээр зарим төрлийн халдварт өвчний үүсгэгч илрүүлэх шинжилгээг хийж хэвшүүлэх хэрэгтэй байна.
Төвлөрсөн зах зээлд нийлүүлэх мах бэлтгэлийг үйлдвэрийн аргаар хийх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ сум орон нутагт мал нядалгааны нэгдсэн цэг, цехтэй болгож, мах хадгалах хөргүүр зориулалтын агуулах байгуулах, газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэд хэрэгцээт үрээ өөрсдөө бэлтгэх, үтрэмийн талбай, будаа цэвэрлэх, сортлох машин, зоорь, агуулахын хангамжийг стандартын шаардлагад нийцүүлэх, дотоод хяналтыг сайжруулж, өвчин, хортон шавьжаас хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, ургамлын гаралтай бүтээгдэхүүн түүхий эдийг зах зээлд нийлүүлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй болгох зэрэг асуудлыг бодлогоор дэмжих нь зүйтэй байна.
Мөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан улсын төсвөөс олгосон хөрөнгийг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, шинээр ажлын байрыг олноор бий болгох зэрэгт үр дүнтэй зарцуулахын зэрэгцээ төр засгаас олгож буй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах, зээлийн баталгааны сан ажиллуулах замаар бодит дэмжлэг үзүүлэхэд анхааран ажиллах ёстой гэж үзэж байна.

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү